УИХ-ын гишүүн асан А.Бакей Шинжлэх ухаан академийн академичаар сонгогджээ.
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн буюу академичийн ээлжит сонгон шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт болж гурван хүнийг академичаар сонгожээ. Тодруулбал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Цэвээндорж, ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Сангаа, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) А.Бакей нар академичаар сонгогджээ. ШУА-иас хоёр жил тутам академийн гишүүний сонгуулийг явуулдаг бөгөөд энэ удаагийн сонгуульд 11 эрдэмтэн нэр дэвшиж, сонгон шалгаруулсан байна.
УИХ-ын гишүүн асан А.Бакей нь бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, эдийн засаг, менежментийн чиглэлээр 30 гаруй жил эрдэм судлалын ажил гүйцэтгэж, монголын бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн зарим зүй тогтол, стратегийн чиглэл, малчин өрхийн аж ахуйн хэв шинжийн онцлог, эдийн засгийн шийдвэр гаргах зан төлвийг тогтоох, бэлчээр ашиглалтын тогтвортой менежментийн загвар боловсруулах чиглэлээр шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан байна.
Мөн Д.Цэвээндорж нь 1966-1972 онд ШУА-ийн нэр дээр М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуульд археологич мэргэжлээр суралцаж, төгссөнөөс хойш Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн /1972-2002 он/, Археологийн хүрээлэн /2002-2015 он/, Түүх, Археологийн хүрээлэн /2015 оноос /-д тасралтгүй 45 жил ажиллаж, Монголын эртний түүх, соёлын өвийг судлах, сурталчлан таниулах, хадгалж хамгаалах, археологийн шинжлэх ухааны салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, судалгааны ажлын онол арга зүй, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан Монголд төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэртэй эрдэмтэн юм. Тэрээр олон улс, бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн 10 шахам нээлт, олдвор хэрэглэгдэхүүн, онолын үзэл баримтлал нийтлүүлжээ. Түүнчлэн монголын эртний нүүдэлчдийн түүх соёлын өв, археологийн дурсгалыг ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад нэр дэвшүүлэх, бүртгүүлэх үйл хэрэгт идэвх санаачилгатай тэргүүлэн оролцсон байна.
Д.Сангаа нь 2016 онд ОХУ-ын Байгалийн ухааны Академийн гадаад гишүүнээр сонгогдсон ба 2009-2013 онуудад Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд Нейтрон физикийн лабораторид орлогч захирлаар сонгогдон ажиллажээ. Тэрээр хатуу биеийн физикт кристалл болон соронзон бүтцийн нейтроны дифракцын судалгааны шинэ чиглэл үүсгэн хөгжүүлж, лазерын зориулалттай кристаллд явагдах фазын шинэ шилжилт туршлагаар нээжээ. Түүнчлэн Рентген бүтцийн (XRD) болон нейтрон сарнилын судалгааны Монголын үндэсний судлаач багийг бүрдүүлж ЦШНИ-ФТХ хамтарсан шилжилтийн процессын судалгааны Лаборатори байгуулав. Мөн тэрээр төмөр агуулсан кристалл дахь соронзон фазын шилжилтийг анх удаа нейтрон, синхротрон дифракцын туршлага болон онолоор шинж чанарыг тайлбарласан үр дүн нь хавдрын эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэж үнэлэгдсэн байна.
Ш.ОЧ