“Морин хуурын чуулга”, АНУ-ын “Break Of Reality” хамтлагтай нэгэн тайзнаас уран бүтээлээ хүргэнэ. Тоглолтыг “Өрнө, дорнын аялгуу” хэмээн нэрийджээ.
Олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй үзүүлэх “Өрнө, дорнын аялгуу”-г АНУ, Монгол Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.
Монголын “Морин хуурын чуулга” 25 жилийн түүхтэй. Харин “Break of Reality” цөөхүүл хөгжмийн хамтлаг 2003 байгуулагдаж байжээ. Тэд Нью-Йорк хотоос гаралтай.
Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Хойд Өмнөд Америк, Европ, Азид чамгүй олон аялан тоглолт хийсэн ба улсынх нь зүгээс тэднийг бодлогоор дэмжиж, 2015 онд “Хөгжмийн элч” хамтлагаар сонгон, аялан тоглолтуудыг нь санхүүжүүлжээ.
“Break of Reality” пост-классик урсгалаар тоглодог. Хамтлагийн виоленчел хөгжмийн рок дуугаралт нь сонгодог, рок, урсгалын хэмнэлийг чимснээрээ алдартай гэж болно.
Хөгжмийн хоёр алдартай хамтлагийн нэгдэн эгшиглүүлэх “Өрнө, дорнын аялгуу” тоглолтыг нэгдүгээр сарын 27-нд 17:30 цагаас Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тавина. Хэрэв та уг тоглолтын зочин болохыг хүсвэл Монголын урлагийн зөвлөлд хандан урилга аваарай.
АНУ-ын хөгжмийн элч хамтлагийн уран бүтээлчид Монголд зочилж буй үеэ тааруулан олон нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, орчин цагийн дэлхийн хөгжмийн хөгжлийг таниулах зорилгоор Монголын хүүхдийн ордны Их танхимд нэгдүгээр сарын 24-ний 16:00 цагаас Ерөнхий боловсролын сурагчдад мөн үнэ төлбөргүй тоглолт толилуулахаар төлөвлөжээ.
Б.ЭНХ