-УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам нийт иргэдийн 33 хувийн саналыг авсан гэвэл жирийн гишүүдийн тодруулсан даргаас болж нийт дэмжигчдээ алдахад ч хүрэх вий-
Дөч хоногийн турш сюрпризээр дүүрэн байсан Ардчилсан намын даргын сонгууль дөрвөн хоногийн дараа дуусна. Хэн ч гарсан бай, Ардчилсан нам шинэ даргатай болж, шинэчлэлийн 50 хувь нь явагдаж өнгөрнө гэсэн үг.
Монголын улс төрийн голлох хүчин болох Ардчилсан нам өнөөдөр хувь заяаны хамгийн төвөгтэй мөчлөг дээрээ байна. Хэдийгээр улс төрд шинэ бөгөөд эрсдэлтэй замыг сонгож, бүх гишүүнээсээ намын даргаа тодруулахаар болж буй нь Ардчилсан намд төдийгүй Монголын намуудын хувьд шинэчлэл мөн үү, мөн. Анх удаа Ардчилсан нам 176 мянган гишүүнийхээ оролцоотойгоор намын даргаа тодруулахаар болж буй агаад энэ нь бусад намын хувьд шинэ зам, шинэ туршлага болох нь дамжиггүй.
Гэхдээ энэхүү шинэчлэл нь Монголын улс төрд хүлээлт бий болгосон шигээ шударга явагдаж чадахгүй л бол нийт гишүүдийн, нийгмийн захиалгыг биш нөгөө л фракцийн хуваагдал, бүлэглэлүүдийн эрх ашиг нэгдүгээрт тавигдах юм бол Ардчилсан намын туйлын зорилго огтоос биелэгдэхгүй.
Энэхүү сонгууль Ардчилсан намынханд эв нэгдлийг бий болгох эсвэл энэ нам задрах гэсэн хоёрхон сонголтыг үлдээж буйгаараа онцлогтой. Шинэ даргын сонгуульд оролцох жирийн гишүүдийн харах өнцөг бол ердөө л энэ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр намын дарга сонгох энэ сонгуулийн дүнгээс 2020 онд АН засгийн эрх мэдлийг авах эсэх нь ч хамаарна.
Хэрэвзээ Ардчилсан нам албан ёсны 176 мянган гишүүнтэй гэвэл Монгол Улсын сонгуульд санал өгөх эрхтэй хүн амын ердөө тавхан хувь болж байна. 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй хүн амын тоо хоёр сая 48 мянга байсан гэж тооцвол шүү дээ. Тэдний хэд нь Ардчилсан намын дэмжигч вэ гэвэл энэ нь шинэ даргын төлөө саналаа өгч буй нийт гишүүдийнх нь тооноос ч давж гарч магадгүй. УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам нийт иргэдийн 33 хувийн саналыг авсан гэвэл жирийн гишүүдийн тодруулсан даргаас болж нийт дэмжигчдээ алдахад ч хүрэх вий.
Тэгэхээр Ардчилсан намын даргын асуудал зөвхөн АН-ын 176 мянган гишүүнийх биш олон мянган дэмжигчийнх нь анхаарлын төвд байгаа асуудал болсон гэж хэлж болно. Тиймээс сунгаанд оролцож буй Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Гантөмөр нарын хэн нь Ардчилсан намын дарга болохоос тус нам хэчнээн жилийг гудамжинд үдэх вэ гэдгийг шийдэх юм. Нэг үгээр хэлбэл, шинэ даргын сонгуулиар Ардчилсан нам дөрвөн жил эрх мэдлийн гадна үлдэх үү, эсвэл найман жил “лааз” өшиглөх үү гэдгийг шийдэх хариуцлагатай мөч тохиож байна.
Өнгөрсөн дөрвөн жил өөрсдийнхөө багийн эсрэг тоглосон, гоол хийсэн, засгаа огцруулахад оролцсон, нөгөө л муу муухай явдал суудал бүхэнтэй нэр холбогддог хүмүүс Ардчилсан намын толгойд гараад ирвэл МАН-д баяр хүргэх хэрэгтэй болох биз.
Хэрэв Ардчилсан нам бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөө намын даргаа сонговол энэ нь зөвхөн МАН-д л ашигтай байх болно. Учир нь, УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүн МАН-ын сайных биш Ардчилсан намын муугийнх байсан гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Тэр тусмаа өнгөрсөн дөрвөн жил өөрсдийнхөө багийн эсрэг тоглосон, гоол хийсэн, засгаа огцруулахад оролцсон, нөгөө л муу муухай явдал суудал бүхэнтэй нэр холбогддог хүмүүс Ардчилсан намын толгойд гараад ирвэл МАН-д баяр хүргэх хэрэгтэй болох биз. Яагаад гэвэл ирэх зургадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгууль, гурван жилийн дараа болох УИХ-ын сонгуулийн ялалтаа Ардчилсан намынхан МАН-д бэлэглэсэнтэй ялгаагүй болно гэсэн үг.
Тэгээд ч хатуу гараар Ардчилсан намыг барьж болохгүй нь өнгөрсөн сонгуулиар З.Энхболдын үг, үйлдлээс нотлогдчихсон дүгнэлт шүү дээ. Ардчилсан намд өнөөдөр дарангуйлагч биш эвлэрүүлэгч хэрэгтэй, гэхдээ шинэ дарга бол зөвхөн фракцийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг хүн байх ёсгүй юм.
Ардчилсан нам бол таван намын нэгдэл. МАН-аас ялгарах гол онцлог нь энэ. Тэр ч утгаараа тус намд намын гэхээсээ фракцийн эрх ашиг үйлчилдэг. Фракцийн эрх ашгийг намын эрх ашгаас нэгдүгээрт тавьдаг. Тиймээс ч өнгөрсөн жилүүдэд “Шонхор”-ын эрх ашиг намын бодлогоос дээгүүр тавигдсаны үр дүнд өнөөдөр З.Энхболд дарга алхаа ч, тамгаа ч алдахад хүрсэн шүү дээ.
Хоёр сонгуульд дараалан өвдөг шороодсон ялагдлынх нь шалтгаан ердөө л энэ. Тэгэхээр фракцигүй Ардчилсан намын бодлогын дарга, эвлэрүүлэгч хэн бэ. Ирэх сонгуулиудад Ардчилсан намын нийт гишүүдийн биш Монголын нийт сонгогчдоос өндөр санал намдаа цуглуулж чадах имижтэй, нэр хүндтэй хүн хэн бэ?
Хэрэвзээ жижиг дарангуйлагчаас салж том биетэй дарангуйлагчтай болбол Ардчилсан намд эмгэнэл илэрхийлэхэд хүрч магадгүй. Тэгээд ч “Чонын амнаас гараад барын аманд” гэсэн монгол ардын зүйр үгтэй. Ардчилсан намын шинэчлэлийг ахмадууд хийж чадахгүй гэдгээ өнгөрсөн 25 жил баталчихсан. Хэрэв шинэчлэл хийх хүсэл хэн нэгэнд нь байсан бол Н.Алтанхуягт ч, С.Эрдэнэд ч ийм эрх мэдэл хангалттай байсныг сануулах юун. Х.Тэмүүжиний нэг хэлсэн гоё үг байдаг. "Ирж яваа цагийн дууг харьж яваа хүмүүс дуулдаггүй" гэж. Ардчиллын буянаар хагартлаа хөлжсөн С.Эрдэнэ зэрэг нэр дэвшигчид ирж яваа Ардчилсан намыг дууг "дуулж" чадах уу? Тэр тусмаа 2020 онд Ардчилсан намыг сонгуульд удирдаж ороод, ялж чадах багийг хэн бүрдүүлэх вэ?
Энэ өнцгөөс харвал шинэ даргын сонгууль Ардчилсан намын ирээдүйн ялах, ялагдахын сонголт болж байна. Тэгэхээр Ардчилсан намд баяр хүргэх үү, эмгэнэл илэрхийлэх үү гэдэг ирэх Ням гаригт шийдэгдэнэ. "Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай бүр ч илүү эрхтэй" гэгчээр мөнгөтэй хүн Ардчилсан намын дарга болсноос Ардчилсан нам тав хуваагдсан нь илүү дээр. Ардчилсан намд хөрөнгөтэй, хүчтэй хүн биш хөгжлийн бодлого л хэрэгтэй байгаа шүү дээ.