Алматад дэлхийн оюутан тамирчид цугларна

Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

Алматад дэлхийн оюутан тамирчид цугларна

Казахстаны Алмата хотод дөрөв хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр дэлхийн оюутны спортын “Универсиад” өвлийн наадам эхэлнэ. Тус наадамд манай улсаас цана, тэшүүрийн төрлөөр нийт 10 тамирчин албаны хүмүүсийн хамт явах бөгөөд баг тамирчдыг өчигдөр /2017.01.24/ үдэн гаргалаа.

Монголын баг тамирчид өвлийн “Универсиад”-д 1991 онд Японы Саппоро хотноо болсон наадамд анх удаагаа оролцож байсан бол түүнээс хойш хоёр жил тутамд болдог тус наадамд тасралтгүй оролцож байна.

Ингээд “Универсиад” наадамтай холбоотой товч мэдээллийг хүргэж байна.

“УНИВЕРСИАД 2017” СПОРТЫН 12 ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨНӨ

Алматагийн “Универсиад 2017” наадам биатлон, керлинг, уран гулгалт, уулын цана, тэшүүр, хоккей, шорт трек зэрэг спортын 12 төрөлд болно. Манай улсаас гүйлтийн цана болон тэшүүрийн төрлөөр оролцох юм. Дэлхийн 18-28 насны оюутан залуус оролцдог тус наадам “Пёнчан 2018” өвлийн олимпийн өмнө болж байгаагаараа ихээхэн онцлогтой. Манай улсаас 10 тамирчин оролцох ч тэдний хувьд медалийн төлөө өрсөлдөх хэмжээнд бэлтгэгдээгүй. Тэдэнд энэхүү наадам том сорилго болох юм.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа Алмата хот өвлийн бага олимпийг зохион байгуулахад бэлэн болжээ.

ТООН ХЭЛЭЭР:
Универсиад наадмын болох хугацаа: 2017 оны нэгдүгээр сарын 29-өөс хоёрдугаар сарын 8
Хичнээн орны тамирчид оролцох вэ? – 55 орны 3000 оюутан тамирчин
Спортын хичнээн төрлөөр болох вэ? – 12 төрөл
Хичнээн багц медалийн төлөө өрсөлдөх вэ? – 86 багц медаль
Сайн дурын хичнээн ажилтан ажиллах вэ? – 3000 сайн дурын ажилтан, оюутууд
Алмата олон улсын хэвлэлийн төвд хичнээн орны сэтгүүлч ажиллах вэ? – 30 орны 1000 гаруй сэтгүүлч
Казахстан улсын хүн ам хэдэн сая бэ? – 17 сая
Алмата хотод хэдэн сая хүн амьдардаг вэ? – 1.7 сая

Ийнхүү хагас сарын турш спортын салбарт анхаарлын төвд байх Алмата хот өдгөө хэдийнэ тамирчдаа авахад бэлэн болжээ. Тус хот өвлийн Универсиад наадмын ачаар дэлхий нийтэд өөрийгөө дахин таниулах боломж нээгдэж байна. Учир нь Алмата хот 2022 оны өвлийн олимпийн эрхийн төлөө БНХАУ-ын Бээжин хоттой өрсөлдөж, дөрвөн саналаар ялагдаж байсан түүх бий. Тиймээс дэлхийн оюутны наадам болох гэж буй тус хот эргэн дэлхийн нийтийн анхаарлын төвд орж ирлээ.

Универсиад наадмын тухай мэдээллийг www.fisu.net, www.almaty2017.com сайтуудаас хүлээн аваарай.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж