Хуучирсан мэдээ: 2017.01.24-нд нийтлэгдсэн

Кисэносато ганц бие

18 настай Кисэносато. 2004 оны арваннэгдүгээр.

Кисэносато. Анхны түрүүгээ аварга цолоор мялаалгасан бөх. Японы сүмо бөхийн 72 дах ёкозүна. 20-иод жилийн дараа төрсөн нутгийн аварга. Үндэсний баатар.

Шинэ оны тэргүүн башёд тэр 14 даваатай түрүүлсэн юм. Ингэхдээ башёгийн 14 дэх өдөр Ичиножёо А.Ичинноровыг давж, түрүүлэх болзлоо хангасан бөгөөд сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакүхог өвдөг шороодуулснаар аваргын цом гардсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын башёд чамлахааргүй амжилт /12 даваа, гурван унаа/ үзүүлсэн тул хацү башёд түрүүлэх эсвэл түрүүлэх хэмжээнд барилдаж, 14 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозүна цол хүртээх боломжтой гэдгийг Сүмогийн холбоо мэдэгдээд байсан юм. Сэтгэлийн хат муутай, сэтгэл зүйн бэлтгэл тааруу гэх шүүмжлэлд өртдөг түүнд өмнө нь дөрвөн ч удаа ёкозүна цолд хүрэх боломж олдсон ч хангалттай амжилт гаргаж чадаагүй билээ.

Башё болгоны дараа хуралддаг Ёкозүнагийн зөвлөл өчигдөр /2017.01.23/ хуралдаж, озэки Кисэносатог ёкозүна цолд өргөмжлөхөөр шийдсэн. Хурал ердөө аравхан минут үргэлжилж, санал нэгтэйгээр дэмжжээ. Японы сүмогийн холбоо маргаашийн ээлжит хуралдаанаар түүнийг мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь ёкозүнагаар батламжлах юм.

Озэки Кисэносато хэвлэлийн бага хурлын үеэр өөрийн харьяалагддаг Тагонүра дэвжээнд. /2017.01.23/

Японоос ийнхүү 19 жилийн дараа аварга төрж байна. 1998 онд Ваканохана ёкозүна цол хүртсэнээс хойш япон сүмоч ийм амжилт үзүүлж чадаагүй юм. Басхүү 2003 онд их аварга Таканохана зодог тайлснаас хойш сүмогийн дохёнд Японы аварга гэж байсангүй. 66 дахь ёкозүна Ваканоханагаас хойш дандаа гадны бөхчүүд сүмогийн дээд цолыг эзэмшиж байв. 1999 онд Хавай арлаас ирсэн америк сумоч Мусашимарү ёкозүна цол хүртэж, түүнээс хойш сүмогийн дэвжээнд Монголын сүмочдын ноёрхол эхэлсэн юм. Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн залгамж халааг авч, их аварга Хакүхо, Харүмафүжи, Какүрюү гээд талын Монголын дөрвөн аварга өдгөө сүмогийн дэвжээг өнгөлж байна.

Товчхондоо бол ах, дүү аварга Таканохана /1972 онд төрсөн/, Ваканохана /1971 онд төрсөн/ нараар япон сүмочдын аваргын залгамж халаа тасарчээ.

Кисэносатогийн хувьд макүүчи зиндаанд 13 жилийн хугацаанд 73 башёд барилдаж сүмогийн дээд цолд хүрч байна.

Нэгдүгээр сарын хацү башёд түрүүлсний дараа /2017.01.22/

Башёгийн түрүү бөх Кисэносато шагналаа гардан авахын өмнө /2017.01.22/

  • Кисэносатогийн жинхэнэ нэр Юүтака Хагивара.

  • 1986 оны долдугаар сарын 3-нд төрсөн, 30 настай

  • Ганц бие, “найз бүсгүйн сураг ч байхгүй” гэж өөрөө хэлж байсан удаатай.

  • 188 см өндөр, 171 кг жинтэй.

  • Тагонүра дэвжээнд харьяалагддаг.

  • 2002 онд сүмогийн дэвжээнд хөл тавьж, 2004 онд 18 настайдаа макүүчи зиндаанд дэвшин барилдах болсон.

  • 2012 оны нэгдүгээр сард озэки цолд хүрсэн.

  • 2017 оны нэгдүгээр сарын башёд анхны түрүүгээ авснаар ёкозүна цол хүртэх боломжтой болсон.

Ах, дүү аваргууд. Мэргэжлийн сүмогийн 65 ба 66 дахь ёкозүна Таканохана, Ваканохана нар.

67 дахь ёкозүна, Хавайн бөх Мүсашимарү зодог тайлах ёслолын үеэр. 2004.10.02

68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо

70 дахь ёкозүна Харүмафүжи хүүгийн хамт.

71 дэх ёкозүна Какүрюү.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж