Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн тохирлоор 100 сая төгрөгийн азтан болон супер азтанг дахин тодруулахгүй байх санал боловсруулжээ. Түүнчлэн иргэд нэг баримтаараа сарын болон улирлын гэсэн хоёр удаагийн сугалаанд оролцож, азаа үзэх боломжтой болох юм байна.
Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын журамд өөрчлөлт оруулах хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлээд байгаа аж. Учир нь иргэдээс татвар төлөгчдийн мөнгийг нэг хүнд их хэмжээгээр олгох нь буруу гэсэн санал гомдол ирсний дагуу иргэдийн идэвхийг сулруулахгүй байх үүднээс сугалааг илүү өргөн хүрээнд явуулж, олон азтан тодруулахаар шагналын санд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүргүүлжээ.
Ингэснээр нэг иргэн 500 баримт бүртгүүлсэн бол дор хаяж нэг удаа азтан болох боломжтой аж. Энэ талаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгаас тодруулахад “ Одоогоор Сангийн яаманд хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Энэхүү журмыг Сангийн яамны зүгээс шийдвэрлэвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын журамдаа өөрчлөлт оруулна. Тэгээд Хууль зүй, дотоод хэргийн яаманд өгч албажуулах гээд ойролцоогоор сар орчмын ажил болох байх. Миний таамлалаар энэ оны гурав дахь сугалаанаас эхлэн хэрэгжүүлэх байх” гэсэн юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн тохирлоор:
Арын гурван орон таарвал иргэд ямартай ч 20 мянган төгрөгийн эзэн болно.
Арын дөрвөн орон таарвал 100 мянга
Арын таван орон таарвал 500 мянга
Арын зургаан орон таарвал 4 сая
Арын долоон орон таарвал 7 сая
Найман орон бүгд таарвал 100 сая төгрөг хожно.
Харин баримтын сугалааны найман орон дараалан таарсан тохиолдолд супер азтанг тодруулдаг билээ. Хамгийн сүүлд 2016 оны сүүлчийн худалдан авалтын 19 дэх удаагийн сугалааны тохирол болж, 2016 оны арванхоёрдугаарсарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хоорондох худалдан авалт хийсэн системд бүртгүүлсэн баримтууд хамрагдсан ч супер шагналын азтан болох 400 сая төгрөгийн азтан тодроогүй. Ингэснээр супер шагналын сан 450 сая төгрөг болж нэмэгдсэн билээ. Үүнийг хойшид нэг хүнд олгох биш бага багаар олон хүн азтан болдог системд шилжүүлэхээр ярьж байгаа юм байна.
А.СҮРЭН