Дарга нарын цалингаас 980 сая төгрөг хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

Дарга нарын цалингаас 980 сая төгрөг хэмнэнэ

Төрийн албаны дарга нарын цалинг бууруулж төсвийн хэмнэлт хийх тухай Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлд дурьджээ. Тэмдэглэлд зааснаар төрийн байгууллагад 5-10 сая төгрөгийн цалинтай гүйцэтгэх захирал болон удирдлагуудын цалин хөлсний хэмжээг 30 хувиар бууруулахаар болсон билээ. Өнгөрсөн 2016 онд энэ журмаар төрийн болон төрийн өмчит 13 хуулийн этгээд, дарга нарын цалинг 30 хувиар бууруулжээ. Ингэснээр 362.7 сая төгрөгийг хэмнэсэн талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдээллээ.

Тэгвэл энэ онд ч ийм зарчмаар ажиллаж, төсвийн хэмнэлт хийхээр төлөвлөсөн байна. Ингэснээр 2017 онд 980.1 сая төгрөгийн төсвийн хэмнэлт хийнэ гэж тооцжээ.

Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зардлыг багасгаж байгаа аж. Тухайлбал, энэ онд худалдан авах машин техник, компьютер, тавилга, конторын засвар, бусад хэрэглээний зардлыг танаж 8.5 тэрбум төгрөгөөр хэмнэхээр тооцоолжээ.

Цаашид эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлийг үргэлжлүүлэн барина гэлээ. Ялангуяа төрийн албаны удирдах албан тушаалтнуудын цалин хөлс, урамшууллыг бууруулах чиглэлтэйгээр ажиллаж байгаа гэв. Мөн төрийн болон төрийн өмчийн байгууллагын албан тушаалтан, төлөөлөн удирдах зөвлөлийн цалин хөлс, урамшууллын хэмжээг  тогтоохдоо ажлын үр дүн, ашигт ажиллагаатай уялдуулан тогтоох чиглэл өгч байгаа талаар мэдээллээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж