Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

Алт, зэсийн үнэ өснө

Ашигт малтмалын арвин нөөцтэй Монгол Улсын экспортын орлогын дийлэнх  хувийг эрдэс баялгаас тэр дундаа алт, зэс, нүүрсний экспорт бүрдүүлдэг. Олон улсын зах зээл дээр экспортын бүтээгдэхүүний ханш тогтвортой, өндөр байх нь чухал. Тэгвэл ойрын хэдэн жилд зэс, алт, нүүрсний үнэ ямар байхыг олон улсын шинжээчид хэрхэн таамагласныг хүргэж байна.


АЛТ: Германы “Incrementum AG” үнэлгээний байгууллагаас алтны үнийг урт хугацаандаа унци нь 2300 ам.долларт хүрэх таамгийг гаргажээ. Олон улс бодлогын хүүгээ бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого баримталж буй нь алтны үнийг өсгөх шалтгаан болж буй хэмээн тайлбарлалаа. Одоогийн байдлаар унци алт 1200-1300 ам.долларын ханштай байгаа юм.

2002 оноос хойших алтны үнийн индекс

Алт нь худалдааны  баталгаат хэрэгслийн хувьд эдийн засгийн өсөлт тогтворгүй байгаа энэ үед олон улс алтны нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч байна. Шинжээчдийн таамгаар алтны ханш ирэх 2018 оны зургадугаар сар гэхэд унци нь 2300 ам.долларт хүрч нэмэгдэх аж. Алтны ханш өнгөрсөн онд өндөр байсан ч энэ 2017 онд илүү чангарах гэнэ. 


ЗЭС: Аж үйлдвэрийн чухал эрдэс болох зэсийн ханш өнгөрсөн наймдугаар сард тонн нь 4740 ам.доллар байв. Улаан металын ханш 2015 онд 26 хувиар унаж, өнгөрсөн оны эхний хагаст тааруу үзүүлэлттэй байсан нь дэлхийн худалдааны тал хувийг эзэлдэг Хятад улсын импорт буурснаас үүдэлтэй гэж шинжээчид хэлж байна. АНУ-ын “Goldman Sacks” дэлхийн зэсийн олборлолтын 60 хувийг бүрдүүлдэг топ 20 уул уурхайн компанийн үзүүлэлтэд тулгаарлан ирэх оны үнэ ханшийн таамгийг гаргажээ. Эдгээр компаниуд энэ оны эхний хагаст олборлолтоо 15 хувь хүртэл нэмэгдүүлэх тооцоог гаргасан аж. “FocusEconomics”-д мэдээлснээр зэсийн ханш энэ 2017 оны эцэс гэхэд тонн нь 5168 ам.долларт хүрч нэмэгдэх гэнэ.

2016-2015 он хүртэлх зэсийн ханшийн таамаг

Түүнчлэн Дэлхийн банкны тооцоолсноор зэсийн ханш энэ оны эхнээс өсч, тонн нь 4866 ам.долларт хүрэх бөгөөд 2019 он гэхэд 5329 ам.долларт хүрч нэмэгдэх аж. Зэсийн ханш 2015 онд 18.5 хувиар унасан ч Хятадын эрэлт нэмэгдсэнээр 2025 он гэхэд тонн нь 7000 ам.долларт хүрэх магадлалтайг Дэлхийн банк таамаглажээ.


НҮҮРС: Хар алт гэгдэх нүүрсний ханш өнгөрсөн 2016 онд таваарын зах зээлд сайн үзүүлэлттэй байлаа. Дэлхийн дулаарлын эсрэг олон улс “бохир түлш”-ээс татгалзах бодлого баримтлах болж, эрэлт аажмаар буурч байгаа ч нүүрсний ханш тогтвортой байв.

АНУ-ын эрчим хүчний хэрэглээний 30 хувийг нүүрс бүрдүүлнэ.

Нүүрсний үнэ энэ 2017 оноос эхлэн тонн тутамдаа 10 ам.доллараар буурах тооцоог “Goldman Sachs” групп таамаглаж байна. Коксжих нүүрсний ханш энэ онд тонн нь 135 ам.доллар байх бол ирэх 2018 онд 125 ам.доллар болж буурах гэнэ. Гэхдээ одоохондоо нүүрсний хэрэгцээ тогтвортой байна. Энэ онд АНУ-ын эрчим хүчний хэрэглээний 30 хувийг нүүрс бүрдүүлэх гэнэ. Түүнчлэн энэ онд нүүрсний хэрэгцээ 17 хувиар унахыг шинжээчид таамаглажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж