Өвлийн олимпоор овоглосон өдөр

Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

Өвлийн олимпоор овоглосон өдөр

Нэгдүгээр сарын 25-ны энэ өдөр дэлхий нийтийн хэмжээнд олон үйл явдал өрнөж байсан нь тодорхой. Тэдгээрийн дотроос онцлог зарим үйл явдлыг энэ удаад тодотгоё.


1924 он: Францын зүүн өмнөд Шамони мужид “Парист хийгдэх VIII Олимпиадад зориулсан өвлийн спортын долоо хоног” нэртэй олон улсын тэмцээн эхлэв.

Тэр нь үнэн хэрэгтээ Өвлийн олимпийн тоглолтын эхлэл байжээ.  Тэмцээнд 293 тамирчин,  тэдний дотор 13 эмэгтэй тамирчин 16 орноос ирсэн байлаа.

Германыг дайн өдөөгч гээд тэмцээнд оролцуулаагүй бөгөөд түүний холбоотон байсан Австри, Унгарт урилга илгээжээ.Өвлийн олимпийн анхны наадамд цанын  уралдаан, уран гулгалт,  хоккей ба хурдан гүйлтийн төрлүүд багтаж байжээ.  Албан бус багийн тэмцээнд Норвегиуд манлайлсан бол хоккейд Канадын баг аварга болж,  бүх тоглолтод өрсөлдөгчдөө   110:3 харьцаатайгаар буулган авсан байдаг.


РОБЕРТ БЕРНСИЙН ТӨРСӨН ӨДӨР

Сонгодог яруу найрагч Роберт Бернсийн (Robert Burns, 1759 —1796) төрсөн өдөр Шотландын үндэсний баяр юм. Шотландчуудаас гадна гайхамшигт яруу найрагчийн баярыг Британийн олон  мужид тэмдэглэдэг. 
Роберт Бернсийн төрсөн өдрийг оройн зоогийн хэлбэрээр (Burns Supper) тусгай зохиомжийн дагуу хийдэг. Эхлээд дуу, хуур, шүлэг найрагтай хосолсон тоглолт хийхийн сацуу зөвхөн үндэсний хоолыг баярын ширээнд өрдөг гэнэ. Бернсийг Шотландын бэлгэдэл гэж үздэг учраас өргөн дэлгэр энэ баярыг хийдэг ажээ. Энэ өдөр шотландчууд үндэсний хувцсаараа гоёх ба килт (банзал) ба шотланд даавууны өнгө нь хэн нь хэний отог вэ гэдгийг хэлж өгдөг ажээ. Ямар отгийн хүн бэ гэдэг нь тэдэнд хамгийн чухал үзүүлэлт юм.

Бернс фермерийн гэрт  төрсөн ба сурагч байхаасаа шүлэг зохиож эхэлжээ. Яруу найргийнх нь сэдэв нь хайр сэтгэл, эрх чөлөө, шотландын байгаль ба түүх болдог. Яруу найраг нь энгийн мөртлөө их уянгалаг. Шотландчуудад Бернсийн “Сэтгэл зүрх минь ууланд” (My Heart’s in the Highlands) гэсэн шүлгийг нь ихээхэн шүтдэг бөгөөд мэдэхгүй хүн бараг үгүй.

Ууланд сэтгэл зүрх минь… Одоо ч би тэнд,

Бугын мөрөөр би хад асгаар нь ниснэм,

Бугыг хөөн явахдаа янгир ямааг үргээнэм,

Ууланд миний сэтгэл зүрх минь, харин би өөрөө бэлд нь,

Алдартнуудын элгэн нутаг минь үүрд баяртай!

Хатан зоригтнуудын хойд хязгаар минь, үүрд баяртай!

Хүүгээр чинь би үүрд үлдэнэ!


АНХНЫ “ЭММИ” ГАРДУУЛСАН ӨДӨР

Америкийн телевизийн "Эмми» (англ. Emmy Award) гэх киноны "Оскар» шагналтай эн зэрэгцэх шагнал анхлан гардуулсан өдөр. Анхны шагналыг 1972 оноос Холливудын спортын клубт гардуулсан байна. Шагналын нэр нь телевизийн камеруудад байсан катодын "immy» гуурсны нэрнээс үүдэлтэй. Гартаа атом барьсан далавчтэй эмэгтэйг уг шагналд дүрсэлжээ. Атом нь телевизийн шинжлэх ухаан гэж бэлгэдсэн утгатай. Далавч нь телевизийг урлаг хэмээн харуулж байгаа гэнэ. "Эмми» шагналыг 463 номинациар гардуулдаг аж.
"Эмми» хилийн чанадад  тун чиг  алдартай шагнал. Шагналыг Америкийн телевизийн академи ( Academy of Television Arts & Sciences)-аас өдрийн болон спортын, мэдээний, баримтат хөтөлбөрүүдийн шилдгүүдэд хаяглан өгдөг. Олон улсын телевизийн академи (National Academy of Television Arts & Sciences) нь АНУ-аас гадна үзүүлэх хөтөлбөрүүдэд шагналаа олгодог ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж