ЦЕГ-ын дарга тангараг өргөж, СЕХ-ны гишүүн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

ЦЕГ-ын дарга тангараг өргөж, СЕХ-ны гишүүн боллоо

  • “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан байна. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар мэдээлэл хийлээ. Тэд “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Уг хөрөнгийг “Худалдаа хөгжлийн банк” (ХХБ)-ны захирал болон түүний хүрээллийн хүмүүсийн дөрвөн компаниас зээлжээ” гэж мэдээллээ.


  • “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар “Монгол зэс” корпорациас хариу мэдэгдэл хийв.  ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар "Харамсалтай нь нэг талын байр суурийг хэтэрхий барьсан Ажлын хэсгийн дүгнэлт гарлаа. Манай компанийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлтийг 4 удаа гаргасан ч нэг ч удаа хариу өгсөнгүй. Ростех компанийг 49 хувийн хувьцаа эзэмшигч биш юм шигээр Ажлын хэгсийн дүгнэлт гарсан байна лээ. УИХ болон Засгийн газар "Ростех" компани 49 хувийн хувьцаа эзэмшиж байгааг баталсан байдаг" гэв.


  • УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас өчигдөр /2017.01.24/ Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг ирэх зургадугаар сарын 26-нд байх талаар мэдээллээ. Энэ нь санал хураалт болохоос 150 хоногийн өмнө сонгуулийн тов тогтоох ёстой хуулийн хугацаатай холбогдож гарч буй юм байна. Онцлоход, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 14 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгажээ.


  • Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар холбогдлоо. Ц.Мөнх-Оргил сайд хэлэхдээ, Гандантэгчэнлин хийдийн урилгаар Далай ламын Монголд хийсэн айлчлал Монгол, Хятадын найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газар харамсч байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Далай ламын айлчлал болон X Богдыг тодруулах асуудлаар өмнө нь олон нийтэд Монголын хэвлэлээр мэдэгдсэн байр сууриа дахин илэрхийлж, монголын тал БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгөө онцлон тэмдэглэв.


  • Сонгуулийн Ерөнхий Хороо шинэ гишүүнд Цагдаагийн ерөнхий газрын дарга албан ёсоор ордог. Тэгвэл шинээр томилогдсон ЦЕГ-ын дарга Өлзийбатын Энхтөр өчигдөр албан ёсоор СЕХ-ны гишүүн боллоо. Тэрээр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний тангаргийг өргөж ажилдаа орсон юм.


  • Шинжлэх ухааны судалгааны үр дүн, шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг танилцуулсан үзэсгэлэнг Шинжлэх ухаан технологийн сангийн байранд өчигдөр /2017.01.24/ зохион байгууллаа. Энэ үеэр мал эмнэлгийн хүрээлэнгээс үнэгүйдэж буй малын гэмтэлтэй арьс ширийг эмчлэх бэлдмэлийг танилцууллаа. Энэхүү бэлдмэл нь малын хачиг, шар ширх, хөх ширх, шалз зэргээс гадна шимэгчийн эсрэг малын арьсанд түрхэж хэрэглэдэг зориулалттай аж.


  • Гурван жилийн дараа буюу 2020 он гэхэд иргэд эмнэлгийн үйлчилгээг цахимаар аваад зогсохгүй олон газраар явж буруу, зөрүү оношлуулна гэсэн ойлголт байхгүй болно гэдгийг Монголын эрүүл мэндийн мэдээллийн технологийн нэгдлээс өчигдөр /2017.01.24/ мэдээллээ. Энэ нэгдлийг Монголын мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг 21 компани хамтран байгуулжээ. Ингээд эрүүл мэндийн салбарыг технологийнх нь хувьд шинэчлэх ажлыг эхлүүлэхээ мэдэгдсэн юм.


  • Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны дүүргийн гэрлэн дохиотой уулзварын зүүн замд 67 настай эрэгтэйг улсын дугаар тодорхойгүй, “Toyota Pruis-20” маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашины жолооч мөргөж гэмтээсэн байна. Уг машины жолооч осол гарсан хэргийн газраас хохирогчийг машиндаа суулган явж, тус дүүргийн гуравдугаар хорооны Арьс ширний 27А байранд хүргэж өгөөд явсан байна. Энэхүү зам тээврийн ослын хэргийн бичлэг дээрх тээврийн хэрэгсэл болон тухайн жолоочийг эрэн сурвалжилж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж