“Монгол Шуудан” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр /2017.01.25/ “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн хурлын танхимд боллоо. Уг хурлыг өнгөрсөн оны төгсгөлд тус компанийн ТУЗ-ийн хурлаар товлосон байсан юм. Өнөөдрийн хурлыг “Монгол Шуудан” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Д.Нарангэрэл даргалан явуулсан байна.
“Монгол Шуудан” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар дараах үндсэн гурван асуудлыг хэлэлцжээ. Үүнд хувьцаа эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт буюу хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг шинэчлэн батлах, “Монгол Шуудан” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүнээр түр томилогдсон гишүүдийг томилох, Хараат бус гишүүнийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, томилох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн баталсан байна.
Компани ирэх жилүүдэд Үндсэн үйлчилгээг сайжруулах, Логистик үйлчилгээг өргөжүүлэх, Санхүүгийн үйлчилгээг эхлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр хөгжихөөр бизнес чиглэлээ тодорхойлжээ. Улмаар хувьцаа эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд Улаанбаатарт Логистик терминал барих, Улаанбаатар хотод тодорхой салбарууд өөрийн байртай болох, компанийн Ребрэндингийг хийж олон түмэнд бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах, хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд голлон зарцуулахаар тусгажээ. Харин Төлөөлөн удирдах зөвлөлд Төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүнээр түр томилогдсон байсан Ч.Эрдэнэчимэг, С.Мөнгөнцэцэг нарыг томилсон бол Хараат бус гишүүнээр М. Халиунбат сонгогджээ.
Т.МӨНХ