50 сая австрали долларын шагналын сантай талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо үргэлжлэн явагдаж байна. Энэ сарын 16-ны өдөр эхэлсэн тус тэмцээний ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорлоо.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд Швейцарын Рожер Федерер, Стан Вавринка нарын шилдэг теннисчид үлдэж, аваргын төлөө тоглох эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Өчигдрийн тоглолтод Федерер Германы М.Зверевийг 6:1, 7:5, 6:2-оор, Вавринка Францын Ж.Уильфред Цонгаг мөн л гурван үеийн турш 7:6, 6:4, 6:3-аар хожлоо.
Энэ жил 36 настай Швейцарийн алдарт теннисчин Р.Федерер 2004, 2006, 2007, 2010 онуудад Мельбурнд түрүүлж байсан юм. Тэгвэл Вавринка 2014 оны цомын эзэн болж байсан. Ийнхүү Швейцарын хоёр теннисчин хагас шигшээд учраа таарлаа.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын нөгөө хэсгийн тоглолт өнөөдөр болж, шилдэг дөрөв бүрэн тодорно. Испанийн Рафаэль Надаль, Канадын Р.Раoнич, Белгийн Дэвид Гоффин, Болгарын Г.Димитров нарын шилдэгүүд шөвгийн наймд үлдээд байгаа. Энэ хэсгийг тэргүүлсэн Сербийн Новак Жокович хоёрдугаар тойрогт дэлхийн чансааны 117-д эрэмбэлэгддэг Узбекстаны Д.Истоминд ялагдсан юм. Жоковичийг хожиж шуугиан тарьсан Истомин дараагийн тойрогт Испанийн К.Бустад хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн.
Ч.БОЛОР