УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.25/ хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.
УИХ-аас дээрх хуулийг баталсан нөхцөлд дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа нэг жилээр нэмэгдэж, дөрвөн жил болно. Мөн Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг хангаж байхын тулд цэцэрлэгийн хүүхдийнх нь төлбөрийн тодорхой хувийг төрөөс төлөх юм. Ийм дэмжлэг үзүүлэхгүй бол дипломат төлөөлөгчийн газарт томилогдон очсон хүмүүсийн дийлэнх нь залуу гэр бүл байдгаас авч байгаа цалинтайгаа тэнцэх хэмжээний төлбөрийг зөвхөн хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөрт өгөх шаардлагатай болдог. Үүнээс болж, мэргэжлийн хүмүүсээ шаардлагатай газар нь ажиллуулахад бэрхшээл тулгардаг байна. Хэдийгээр энэ нь бүх оронд биш ч зарим өндөр хөгжилтэй орнуудад очиж ажиллахад учирдаг бэрхшээл аж. Тиймээс хуульдаа тодорхой зохицуулалт хийж өгөх нь зөв гэж үзжээ.
Мөн дипломат албаныхны эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах, хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг гурван жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх юм.
Г.ДАРЬ