2017 оны нэгдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Бангкок хотноо НҮБ-ын АНДЭЗНК-ын Эрчим хүчний хорооны анхдугаар хуралдаан болсон бөгөөд тус хуралдаанд Монгол Улсын Эрчим хүчний сайд П.Ганхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Хуралдаанаар Ази, Номхон далайн бүс нутагт тулгамдаж буй эрчим хүчний асуудлууд, тухайлбал “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” хөтөлбөрийн дагуу тогтвортой хөгжлийг хангах бүс нутгийн эрчим хүчний нөөцийн тэгш хүртээмжтэй хуваарилалт, нүүрс ашиглалтыг багасгах зорилгоор хил дамнасан эрчим хүчний сүлжээг бий болгох, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн ашиглалтыг нэмэгдүүлэх, дэд бүс нутгийн түншлэл гэх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Эрчим хүчний сайд П.Ганхүү хуралдааны хүрээнд нэгдүгээр сарын 17-ны өдөр “Ази, Номхон далайн эрчим хүчний тогтолцооны шинэчлэлд тулгарч буй хүндрэл, нөөц боломж” сэдвээр болсон өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын Засгийн газраас Зүүн Хойд Азид эрчим хүчний хэлхээ холбоог нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцийн асуудлаар баримталж байр суурь, тэргүүлэх чиглэлүүдийн талаар танилцуулав.
Мөн өдөр Монгол Улсын Эрчим хүчний сайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга др. Шамшад Ахтартай уулзаж, Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагаатай холбогдох асуудлуудаар санал солилцов.
ЭХ СУРВАЛЖ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ