Тарваган тахлаас сэргийлэх арга хэмжээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Тарваган тахлаас сэргийлэх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн хэмжээнд тарваган тахлаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар НЦГ-ын Хэв журмын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Амгалангаас тодрууллаа.

-Тарваган тахлаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээ ямар хугацаанд үргэлжлэх вэ?

-Тарваган тахал өвчний тархалт нэмэгддэг энэ үед урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээг авч байгаа юм. Арга хэмжээ өчигдөр эхэлсэн. Ирэх аравдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29, 99 дүгээр зүйл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 08 дугаар зүйл, Ан агнуурын тухай хуулийн 15 дугаар зүйл болоод  НИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга энэ сарын 20-нд тарваган тахал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах захирамж гаргасан.  

-Энэ арга хэмжээнд хэчнээн байгууллага оролцож байгаа вэ?

-Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар хамтран ажиллах юм. Шалгалтад нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах болон хотоос гарч, ордог зуслангийн постууд, эргүүл шалгалт хийж ажиллах албад хамрагдана.

-Нийслэлд тавигдах хяналт шалгалтын цэгүүд хаагуур байрлаж байгаа вэ?  

-Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Налайх дүүргийн Цайз трейд, Баянзүрх дүүргийн товчоо, 22-ын товчоо, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх, бүртгэх товчоодод Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага, замын цагдаагийн газар 24 цагаар гурван ээлжээр ажиллаж байна. Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төв мөн өндөржүүлсэн байдалд ажиллана. Тус төвийн алба хаагчид халдварын эрсдэлтэй материал, сэжигтэн өвчтөн илэрсэн тухай мэдээллийн дагуу эхний ээлжинд хүрэлцэн очиж ажиллах юм. Мөн тандалт хийх хөдөлгөөнт багийг тодорхой хугацаагаар тогтмол ажиллуулах, халдвар эсэргүүцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, халдварын эрсдэлтэй материалын дээжид хийсэн шинжилгээний хариуг цаг алдалгүй гаргаж, үүссэн нөхцөл байдлыг шуурхай мэдээлнэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж