Үндсэн хууль замын хөдөлгөөний дүрэм биш гэв

Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль замын хөдөлгөөний дүрэм биш гэв

“Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2017.01.25/ Төрийн ордонд боллоо.

Засгийн газар болон УИХ-ын түвшинд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд эрдэмтэд болон судлаачид, намуудын төлөөлөл гээд олон талын байр суурийг сонсох, тэдний санал, судалгааг сонсох үүднээс өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа юм байна.  

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа юу гэдэгт судлаач, эрдэмтэд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байсан юм. Ялангуяа өнөөгийн засаглалын хямрал, эдийн засгийн хүндрэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгосон гэдгийг ч хэлэх эрдэмтэд байлаа.  Мөн Үндсэн хуульд бүхлээр нь бус өнөөгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан хэсэгчлэн өөрчлөх шаардлагатай гэдгийг хэлэх хүмүүс ч байна.

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон зарим төлөөлөгчдийн байр суурийг хүргэе.


ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТ БҮРИЙГ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ

Үндсэн хуулийн цэцийн Д.Ганзориг

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэхээсээ илүү Үндсэн хуулийн зүйл заалт тус бүрээр мониторинг хийх шаардлага байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн заалт тус бүрээр юу нь болж байна, болохгүй байна гэдгийг судалж, тодорхойлох ёстой. Үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой, үгүй юу гэдгийг ярих ёстой. Дэлхийн улс орнууд Үндсэн хуульдаа 20-25 жилийн дараа өөрчлөлт хийдэг тохиолдол бий. Харин зарим нь бүр богино хугацаанд ч өөрчлөлт хийдэг тохиолдлууд бий. Үндсэн хуулийг өөрийг нь сайн судлаад дараа нь нэмж орсон хуулиудыг судлаад болж байгаа, болохгүй байгаагаа тодорхой болгосоны дараа өөрчлөх, эс өөрчлөх тухай ярих хэрэгтэй. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хуулиар зохицуулах боломж байгаа бол заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй.

1992-1996 оны парламент Үндсэн хуулийг  дагалдах хуулиудыг баталсан байдаг. Тэр үед Үндсэн хуульд байгаа заалтыг хуульд хуулж бичих биш заавал дэлгэрүүлж боловсруулах ёстой гэдэг зарчимтай байсан. Харин сүүлийн үед Үндсэн хуульд байгаа заалтыг гүнзгийрүүлээд  бусад хуулиар зохицуулах боломж байгаа гэдгийг харахгүй байгаа юм. Үндсэн хуулийн асуудал уу, бусад хуулийн асуудал уу гэдгийг л ялгах хэрэгтэй байгаа юм.


АРД ТҮМЭН ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ ҮҮРГИЙГ МАН-Д ӨГСӨН

Эдийн засагч Ц.Доржханд

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд дэлхий маш их өөрчлөгдсөн байхад Монголын өөрчлөлт маш удаан байна. Мөн өнөөдөр үүсээд байгаа хямралын асуудал бол дан ганц эдийн засгийн асуудал биш, засаглалын асуудал гэж харж байна. Тиймээс ямар нэг байдлаар өөрчлөх шаардлага байна. Гэхдээ хэрхэн, яаж өөрчлөх вэ гэдэг нь улс орны хөгжил урт хугацаанд төлөвлөгдөж, явдаг. Үүнийг хөгжүүлэх нь засаглалын зөв хэлбэрийг сонгох явдал. Дарааллын хувьд бид яаж энэ улсыг хөгжүүлэх, урт хугацааны зорилт нь юу байх, Монгол хүний онцлог, давуу талыг бий болгох хэрэгтэй. Энэ үзэл санаан дээр үндэслэн бид хөгжлийн концевцыг гаргаж өгөх ёстой. Богино хугацаанд хөгжсөн орнуудын туршлагаас харахад хөгжлийн дундаж хугацаа 30-50 жил гэж харах хэрэгтэй. Хөгжлийн концевцоо гаргасныхаа дараа ямар засаглалаар явах хэлбэрээ тодорхойлсны дараа Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг ярих хэрэгтэй. Засаглал болохгүй байна, парламентийн эрхийг хязгаарлаж, засаглалдаа өгөх ёстой гэх мэт гадна талаас нь илсэн байдлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Монголчууд олуулаа оролцох тусмаа шийдэлд хүрч чадахгүй байна.  Тиймээс ард түмэн Үндсэн хууль өөрчлөх үүргийг  65 суудалтай МАН-д өгсөн гэж бодож байна. Харин нам, судлаач, эрдэмтдийн төлөөллүүдийг оролцуулаад явах нь зөв юм. Ард түмэн зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа намуудыг өөрчлөхийн тулд 65 суудлыг МАН-д өгсөн нь түүхэн боломж юм.


ҮНДСЭН ХУУЛЬ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ БИШ

Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг

-Хуульчдын холбоо Үндсэн хуулийн өөрчлөлтөөр судалгаа хийж байгаа. Тиймээс түүний дараа хуульчдын холбооны дүгнэлтийг хэлж болно. Хувь судлаачийн хувьд одоогийн үйлчилж байгаа Үндсэн хуулийн хэрэгжүүлэх чадвар, чадавх дуусаагүй гэж бодож байна. Тиймээс Үндсэн хуулийг бүрэн өөрчлөлт хийх шаардлагагүй гэж бодож байна. Ганц нэг зүйл дээр өөрчлөлт оруулж болно гэж бодож байгаа. Тухайлбал, нийслэлийн эрх зүйн байдлын хуулиар зохицуулна гэсэн өгүүлбэр оруулаад, Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар байна гэсэн өгүүлбэр байдаг. Заавал нийслэл хот нь Улаанбаатар байна гэсэн заалтыг байхгүй болгох өнөөгийн шаардлага бий болж байгаа юм. Өнөөдөр нийгэмд Үндсэн хуулийг өөрчилбөл бүх зүйл сайхан болчих юм шиг бухимдал их байна. Энэ ойлголтуудыг ч төрүүлээд байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зарчмаар зарим заалтыг хасах, дэлгэрүүлэх юм бол эдийн засгийн хямралтай, нийгэм тогтворгүй байгаа энэ үед хийсэн зүйл цаашдаа тогтвортой нийгмийн үед яаж нөлөөлөх ёстой вэ гэдгийг бодолцож хийх ёстой  гэж бодож байна. Үндсэн хууль бол замын хөдөлгөөний дүрэм биш. Үндсэн хууль өөрөө үндсэн харилцааг зохицуулдаг ерөнхий ойлголт. Энэ ерөнхий ойлголтыг дэлгэрүүлэхийн тулд цаана нь маш олон зарчим, номлолууд байдаг. Тэр зарчим номлолуудыг таньж мэдээгүй хүн Үндсэн хуулийг текстийн хэмжээнд өөрчлөнө гэж яриад байгаа нь буруу ойлголт юм. Нийгмийн энэ бухимдлыг ашиглаад дордуулсан долоо шиг өөрчлөлт хийх юм бол дахиад л төгсгөлгүй маргаан болно гэсэн үг. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар маш олон уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Энэ хэлэлцүүлэг, уулзалтуудын 60 орчим хувь нь нийгмийн хий бухимдал яриад байна гэж харж байна. Үндсэн хуулиар зохицуулсан зохицуулалтыг бухимдал илэрхийлээд байна уу гэж харж байна. Энэ чухал уулзалт, хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүс Үндсэн хуулиар юуг зохицуулах, бусад хуулиар юу зохицуулах ёстойг тодорхой болгосоны дараа өөрсдийнхөө дүгнэлтүүдийг хэлэх хэрэгтэй байна. Органик болон бусад хуулиар зохицуулах боломжтой асуудлыг яриад байна уу даа гэж бодож байна.


ҮНДСЭН ХУУЛЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ БҮЛЭГ БАЙДАГ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч Б.Лхагважав

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд байгаа заалтуудаа нэг шинжилж үзээд байхгүйг нь оруулж өгөөд өөрчлөх шаардлага бий болсон. Үндсэн хууль өөрөө эдийн засагжих шаардлага байгаа. Сүүлийн 100 гаруй жилд хийж байгаа хамгийн том эдийн засгийн зохицуулалт бол мөнгөний бодлого. Энэ мөнгөний бодлогыг барьдаг, хамгаалдаг газар нь төв банк. Энэ төв банк УИХ-ын дэргэд, Үндсэн хуулийн гадна байж байдаг. Төв банкийг дурын эрх мэдэлтэн удирдаж, үйл явц, мөнгөний бодлогыг хяналтандаа байлгах процесс үүсээд байгаа юм.  Мөн Үндсэн хууль хүний эрх, эрх чөлөөг хамгаалах бүлэг байдаг. Гэтэл Үндсэн хууль өөрчлөх гэж байгаа хүмүүс нь гуравдугаар бүлэг буюу төрийн байгууламжийг их ярьдаг, одоо ч түүнийгээ л ярьж байна. Бусад улсын Үндсэн хуулийн гол утга санаа  буюу 4/1 нь иргэнийхээ эрх, эрх чөлөөг хангасан байдаг. Энэ мэт асуудал байгаа учраас Үндсэн хуульд ашигласан, ашиглаагүй ч зүйлүүд олон бий. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөх асуудлыг дорвитой, аль аль талаас нь харсан өөрчлөлт хийх ёстой.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж