БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах хэмжээнд хүрсэн авлигын хэрэгт холбогдуулан “Ихва” охидын их сургуулийн захирлаар ажиллаж байсан Чой Кьюн-хиг шалгаж эхэлжээ. Түүнийг ерөнхийлөгчийн дотны найз Чой Сун-шилийн охин Чун Юү-рад давуу эрх олгож, шалгалт болон дүнгийн тал дээр туслалцаа үзүүлэх замаар сургуульд элсэхэд нь тусалсан гэж буруутгаж байгаа юм. Дотооддоо төдийгүй олон улсад алдартай “Ихва” охидын их сургуульд Чун Юү-ра суралцдаг байжээ. Чой Кьюн-хи нь 2014-2016 онд тус сургуулийн захирлаар ажиллаж байсан аж.
Чун охины ээж Чой Сун-шил нь ерөнхийлөгчтэй ойр дотно харилцаагаа ашиглаж, Ихвагийн охидын их сургуулийн захиралд нөлөөлсөн эсэхийг тогтоохоор мөрдөн байцаагчид ажиллаж байна. Тэд их сургуулийн захирал асныг саатуулан шалгах хүсэлтээ шүүхэд хүргүүлжээ. Хэрэгт холбогдуулан Ихва охидын их сургуулийн тэнхмийн эрхлэгч Ким Кьюн-сүк, профессор Лью Чул-гюн нарыг мөн шалгаж эхэлсэн байна.
С.ЦЭЛМЭГ