Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын 2017 оны Дэлхийн цомын тэмцээн хоёрдугаар сарын 16-17-нд Ираны Керманшах хотод болно.
Ираны бөхийн холбоо Дэлхийн бөхийн холбоотой хамтран зохион байгуулах уг тэмцээнд оролцох дэлхийн шилдэг найман багийн нэгээр Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийг урьжээ.
Чөлөөт бөхийн багийн дэлхийн аварга гэж нэрлэгддэг эл тэмцээнд Иран, Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг, Монголын баг өрсөлдөх болж байна.
Нийслэл Тегеран хотоос баруун өмнөд зүгт 525 км-ын зайд орших Керманшах хотын “Азади спорт цогцолбор”-т болох Дэлхийн цомын төлөө тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар. Түрүүлсэн баг 25, хоёрдугаар байрт шалгарсан баг 15, гуравдугаар байрт шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэнэ.
Чөлөөт бөхийнхний хувьд энэ оны хамгийн эхний томоохон өрсөлдөөн болох Дэлхийн цомд өрсөлдөх Монголын тамирчдын нэрс одоогоор хараахан тодроогүй байна.
ДАШТ-д багийн дүнгээр эхний найман байр эзэлсэн багууд өрсөлддөг Дэлхийн цомын тэмцээнд Монголын баг 2002 оноос хойш оролцоогүй байж байгаад 2014 онд 12 жилийн дараа уригдсан юм. Түүнээс хойш дөрөв дэх жилдээ дараалан хамгийн хүчирхэг багуудын урилгаар оролцдог тус тэмцээнд оролцох гэж байна. Өнгөрсөн жилийн хувьд манай тамирчид зургадугаар байр эзэлж байв.
АНУ-ын Лос-Анжелос хотод болсон 2016 оны багийн Дэлхийн цомд 57 кг-д Э.Бэхбаяр, С.Батболд, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Г.Мандахнаран, Б.Батмагнай, 70 кг-д Д.Алтангэрэл, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Ж.Чулуунбат нар оролцож байсан билээ.
Б.ЭНХ