-Үндэсний хувцсыг өдөр тутмын хэрэглээ болгох зорилгоор “Red hero” брэндийг бий болгожээ-
NEWS агентлаг залуусын анхны амжилтыг дэмжих “Шинэ нэр” буланг хөтөлдөг. “Шинэ нэр” энэ удааа “Red hero” брэндийг үүсгэн байгуулагч Ганчимэгийн Ивээлийг онцолж байна.
Түүнийг Монгол HD телевизийн “Dope music” хөгжмийн хөтөлбөрийн хөтлөгч гэдгээр нь илүү таних байх. Түүний брэнд нь үндэсний хэв шинжтэй монгол цамц, хүрэм, малгай, гадуур хувцас зэрэг бүх төрлийн хувцасны коллекцийг худалдаанд гаргадаг бөгөөд залуусын дунд ч эрэлт ихтэй байдаг юм билээ.
Тэрбээр аялал жуулчлалын менежер мэргэжилтэй ч жилийн өмнөөс хувцас загварын ертөнцийг судалж, өөрийн брэндийг гаргахаар ажиллаж эхэлсэн байна.
Ганчимэгийн Ивээл. 1991.09.15
Төгссөн сургууль:
- Нийслэлийн лаборатори нэгдүгээр бүрэн дунд сургууль / 1998-2006/
- Хятад улсад Хэбэй мужийн хос хэлний сургууль / 2006-2008/
- Санко дээд сургуулийн Аялал жуулчлалын менежмэнт /2009-2013/
Мэргэжил: Аялал жуулчлалын менежер
Одоо эрхэлж буй ажил: “Red hero” брэндийн үүсгэн байгуулагч
Сошиал хуудас: Ganchimeg Iveel
ЯАГААД ЗАГВАРЫН САЛБАРТ ОРОХ БОЛСОН БЭ?
-Залуучууд бид өндөр орлоготой биш. Үнэтэй брэндийн хувцас тэр болгон авч өмсөөд байж чадахгүй. Мөн хямд үнэтэй хувцасны загвар болон оёдол таалагдахгүй яг өөртөө таалагдсан хувцас тэр болгон олж өмсөж чаддаггүй байсан. Тэгээд л яг над шиг залуус олон байгаа. Эдгээр залууст зориулаад гоё загвартай хувцас гаргах зорилго маань анх энэ салбарт хөтөлж оруулсан. Үнэтэй биш ч загварлаг хувцсыг залууст хаяглан гаргаад байгаа.
АНХНЫ КОЛЛЕКЦИО ХЭРХЭН ГАРГАЖ БАЙВ?
-Брэндээ анх гаргахдаа л гадны зах зээлд гаргахыг давхар бодолцсон. Гол нь Улаанбаатрынхаа залуучуудад зориулж, тэдний хэрэгцээнд таарсан хувцас гаргах зорилготой болохоор “Red hero” гэж нэрлэсэн. Анх торготой хослуулж хүрэм хийвэл зүгээр юм байна гэж бодож байсан. Тухайн үед өөр ажил хийдэг байсан учраас ажил болгож хэрэгжүүлэх төлөвлөгөөгүй байсан. Тэгээд л өнгөрсөн оны гуравдугаар сард брэндээ байгуулж, бомбер хүрэмний коллекци маань залууст хүрч эхэлсэн. Ажиллах хүчнээс эхлээд л олон хүндрэл учирч байлаа. Мөн дизайнер, оёдолчинтойгоо санаа нийлэхгүй үе ч гарна. Ер нь гарааны бизнесээ эхэлж буй залууст санхүүгийн асуудал маш их тулгардаг шүү дээ. Би эхний хөрөнгө оруулалтаа хийхийн тулд байраа барьцаанд тавьж байлаа. Өөрөө цалин аваад ажил хийдэг хүн нэг талаараа хүн ажиллуулж цалинжуулна гэдэг бас л их том хариуцлага. Нөгөө талаар үндэсний үйлдвэрлэгч болж, эх орондоо чадах зүйлээ хийж, цөөн ч гэсэн хүнийг ажлын байртай болгож байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Хэдий өөр мэргэжилтэй ч энэ салбарт зоригтойгоор орох хүсэл эрмэлзэл төрж, ажлаа эхлүүлсэн дээ. Чадахгүй, мэдэхгүй зүйл олон байгаа ч бага багаар суралцаад л явж байна.
ЭХНЭРТЭЙГЭЭ ХАМТРАН АЖИЛЛАДАГ ГЭСЭН ҮҮ?
-Тийм. Миний эхнэр сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй бий. Эхнэр маань дизайнертайгаа ярилцаад хувцасны загвараа гаргаж материалын судалгаа хийх гээд бүтээгдэхүүний загвар чанар тал дээр ажилладаг. Миний хувьд зураг авалт, сурталчилгаагаа хариуцдаг. Залуус маань ч үндэсний үйлдвэрлэлээ их дэмждэг болжээ.Одоо удахгүй болох цагаан сарын загварын зураг авалтаа хийж байгаа. Хослол, малгай, хүрэм, цамц гээд брэндээрээ дамжуулан бүх төрлийн хувцсыг залуустаа зориулан гаргаж байна.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Чөлөөт цаг ер нь ховорхон гардаг даа. Өглөө охиноо цэцэрлэгт нь хүргээд студи, хувцасны салоны ажил гээд л орой гэртээ харьдаг. Харин амралтын хоёр өдрийн аль нэгийг эхнэр охин хоёртоо зориулдаг. Хотын утаанаас холдож нэг өдөр агаарт гарахыг зорилгоо болгосон.
АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ
–Чадахаараа хөдөлмөрлөж, хүүхдийнхээ ирээдүйг сайхнаар бүтээх хүсэлтэй. Брэндээ байгуулах гээд судалгаа хийж байхад дэлгүүрүүдэд зарагдаж байгаа хувцасны 90-ээс дээш хувийг гадны орны хувцаснууд эзэлж байсан. Үндэсний үйлдвэрээс арьс ширний салбар, хүнсний бүтээгдэхүүний салбар сайн хөгжиж байгаа ч миний хувьд оёмол бүтээгдэхүүний салбарын хөгжил тийм ч сайн биш байна. Чанар сайтай үнийн хувьд боломжийн хувцаснууд үйлдвэрлэж, өргөжүүлж эх орныхоо хөгжилд багахан ч гэсэн хувь нэмэр оруулах хамгийн том зорилго байна. Мөрөөдөл гэвэл олон байна… гэр бүлээрээ аялах мөрөөдлөөс эхлээд дуусахгүй их мөрөөдөл байна даа.
“RED HERO” БРЭНДИЙН ОНЦЛОГ?
-Манай брэнд үндэсний хэв шинжийг европ хувцастай хослуулснаараа онцлог. Бид үндэсний хувцасны урт, нүсэр чимэглэл, хийцээс аль болох татгалзаж, чөлөөтэй, биед эвтэйхэн хувцсыг хийдэг. Тийм болохоор орчин үеийн залуус маань манай брэндийн хувцсыг ямар ч хувцастай хослуулж өмсөх боломжтой гэсэн үг. Залуус үндэсний хувцсаа өдөр тутам өмсөөд байж чаддаггүй. Тиймээс үндэсний хэв шинжийг илтгэсэн брэнд хувцсыг өдөр тутамдаа өмсвөл илүү тохиромжтой.
ОЙРЫН ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
-Би энэ 2017 ондоо багтаж, өөрийн нэрийн дэлгүүр нээх төлөвлөгөөтэй байгаа. Мөн брэндийн хүүхдийн хувцас хийх бодолтой байна. Саяхан америкт ажиллаж, амьдардаг монголчууд хувцсыг маань авч борлуулах санал ирүүлсэн. Одоохондоо гадагшаа хувцсаа гаргах хүчин чадал муу байгаа учраас түр хойшлуулчихсан байна. Мөн хүмүүнлэгийг ажил хийхээр төлөвлөж байна. Ирэх хичээлийн шинэ жилээр олон хүүхэдтэй, бага орлоготой гэр бүлд зориулан өөрсдийн боломж бололцоогоор сурагчийн дүрэмт хувцас хийж бэлэглэх төлөвлөгөө байгаа.
ҮЕИЙН ЗАЛУУСТАА ХАНДАН ХЭЛЭХ ҮГ
-Шинийг хийх хүсэлтэй ч ажил болгон хийж чадахгүй байгаа залууст хандаж хэлэхэд зориглоод л үзэх хэрэгтэй. Эхлэл бүхэн амаргүй байдаг. Үүнийг би өөрөө ч мэдэрсэн. Баталгаатай, төлөвлөгөөгөө зоригтойгоор хэрэгжүүлээд үзээрэй. Мөн амьдралдаа шинэ хэв маягийг үргэлж өөрчилж, туршиж байх хэрэгтэй. Ямар ч байсан залуусаа үзээд алдах хэрэгтэй гэж хэлмээр байна.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ