Истанбулд халдлага үйлдэгчийн гэрээс их хэмжээний мөнгө олджээ

Хуучирсан мэдээ: 2017.01.24-нд нийтлэгдсэн

Истанбулд халдлага үйлдэгчийн гэрээс их хэмжээний мөнгө олджээ

Туркийн Истанбул дахь шөнийн клубт шинэ оны эхний өдөр олон хүнийг буудаж хөнөөсөн гэмт этгээдийн гэрийг нэгжиж, олсон эд мөрийн баримтыг Туркийн цагдаа нар дэлгэжээ. Бага оврын галт зэвсэг, их хэмжээний мөнгө, хайрын зурвас сэжигтний гэрээс олдсон байна.

“Рейна” гэх шөнийн клубт 39 хүний амийг хөнөөсөн хэрэгт гэмт этгээдийг хоёр долоо хоногийн хугацаанд орон даяар эрэн сурвалжилж, өнгөрсөн долоо хоногт Истанбулын Эсенюрт дүүргээс олж баривчилсан юм. Сэжигтнийг Абдулкадир Машарипов гэдэг, Узбекистаны иргэншилтэй гэж мэдээлж байгаа билээ.

Машариповын орогнож байсан байшингаас цагдаа нар хэд хэдэн гар буу, 197 мянган ам.доллар, мөн Ирак болон Ливийн мөнгөн тэмдэгт олсон байна. Мөн сэжигтний гэрээс олдсон хайрын зурвасууд анхаарал татсан тухай Туркийн “Hurriyet” сонин мэдээлжээ.

Түүнчлэн хөргөгчиндөө хоол, хүнсний бүтээгдэхүүн нөөцөлсөн байснаас харахад сэжигтэн этгээд хэсэг хугацаанд тус байшинд орогнох төлөвлөгөөтэй байсан бололтой. Цонхнуудыг хар хөшгөөр халхалсан тул байшин доторхийг гаднаас харах боломжгүй байжээ.

Орогнож байсан газраас нь олдсон 197 мянган ам.долларыг Туркээс зугтахад нь туслах гэж “Исламын улс” бүлэглэлийнхэн өгсөн гэж Машарипов мэдүүлсэн байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж