Зуунмод сумын хэмжээнд амбулаторийн үзлэгийн дотор томуу, томуу төст өвчний эзлэх хувь өндөр байгаатай холбогдуулан БСШУС-ын 2017 оны А/19 тоот “Хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай” тушаалаар аймгийн төв Зуунмод сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2017 оны нэгдүгээр сарын 20-27-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
Энэ хугацаанд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэхээс урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь аймгийн Засаг дарга өчигдөр /2017.01.24/ Зуунмод сумын 8 цэцэрлэгийн 1424 хүүхдэд амьсгалын дээд замын үрэвсэлт өвчин, бие махбодод витамин дутагдахад хэрэглэх нэмэлт хүнсний бүтээгдэхүүн чацаргана, алирсны /аньсны/ навчийг хамт гардуулан өглөө.
Эдгээр нэмэлт бүтээгдэхүүнийг цэцэрлэгийн багш нар хүүхэд нэг бүрт гэрээр тараан томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх гарын авлага зөвлөмж болон, бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх заавар өгсөн байна.
ЭХ СУРВАЛЖ: TOV.GOV.MN