Эд Фалко: “Загалмайлсан эцэг”-ийн приквелд хүчирхийлэл бол хүнлэг биш, жигшмээр зүйл гэдгийг би харуулахаар хичээв. Гэхдээ би урлаг ёс суртахуун номлоод байх ёсгүй гэдэгт итгэдэг. Энэ бол нийгмийн институтууд гүйцэтгэх үүрэг юм”
Америкийн зохиолч Эдвард Фалко нэг голыг дахин туулдаггүй гэсэн сонгомол нотолгоог үгүйсгэхээр шийджээ. Тэрээр Марио Пьюзогийн цуутай роман “Загалмайлсан эцэг” романд приквел бичжээ. Hachette Book Group-ын бүтцэд багтдаг Grand Central хэвлэлийн газрын мэдээгээр Фалкогийн “Корлеонегийн гэр бүл” ном 2012 оны зургадугаар сард хэвлэгдэн гарах гэнэ. Уг төслийг мафийн төрлийг үүсгэгч мастерийн үр удам дэмжсэн байна. Пьюзо өөрөө 78 насандаа 1999 онд өөд болсон билээ.
Өнөөг хүртэл Эд Фалко нэр үргэлжилсэн үгийн шүтэн бишрэгчдийн цөөхөн хүрээнд алдартай байлаа. Тэрээр хэд хэдэн роман, жүжиг, богино өгүүлбэрийн түүврүүд бичиж уран зохиолын олон тооны шагнал хүртэж байсан. Туршилтийн гэмээр үргэлжилсэн үгийн зохиолын анхдагчдын нэг одоо Виржиниа мужийн Блэксбург хотноо амьдарч, Виржинийн политехникийн их сургуульд багшилж байна. Приквел гарах сургаар шинэ номоор хийх гэж байгаа киноны тухай цуу интернэтэд дэгдэж байна. Дуулианыг дэгдээгч өөрөө ярилцлага өгөн тайлбар хийжээ. Энэхүү ярилцлагаас танилцуулж байна.
-“Загалмайлсан эцэг” таныг юугаар тэгж их татав?
-Ёс суртахуун ба сэтгэл санааны авлигын сэдэв нь. Гэмт хэргийн үйл ажиллагаанд татагдан орсноо зөвтгөх гэсэн баримтын системийг хүн өөртөө хийдэг. Дэлхий даяар авлигад автсан юм чинь хэн ч тэр замаар явахыг надад хорихгүй гэсэн цагаатгал гол шалтаг нь болдог. Хүчирхийллийн шалтгаан, үр дагаврыг би эртнээс сонирхсон. “Таван районы хувилгаан Иоанн” гэсэн миний сүүлчийн романд мафийн тухай, өнөөгийн нийгэмд үзүүлж буй нөлөөнийх нь талаар өгүүлсэн байгаа.
-Үүнтэй холбогдуулахад 40 гаруй жилийн өмнө бичигдсэн “Загалмайлсан эцэг” хоцрогдоогүй юу? Холбооны мөрдөх товчооны үнэлгээнээс харахад өнөөдөр Америкт албани, испани, орос хэлтнүүдийн гэмт хэргийн бүлэглэл нь Коза Нострагийн гэр бүлээс аюултай, ноцтой байгаа биш үү.
-За тэгэлгүй яахав, угсаатнуудын гэмт хэргийн давалгаанд нэг тийм идэвх байна. “Загалмайлсан эцэг”-ийн үйл явдал Их хямралын ид үеэр согтууруулах ундааны хориог тавьсны дараа 1930-аад онаас эхэлдэг. Тэр үед гэмт хэргийн ертөнцөд цуст хуваарилалт явагдаж байлаа. Италийн отгийнхон нууц бизнесийн цөмөөс ирланд гангеструудыг шахсан билээ. Сонирхолтой нь, сууринаасаа ховх цохигдсон ирландчууд цагдаа , шүүхэд ажиллахаар болсон байдаг. Өдгөө Италийн отгийнхон гэмт хэргийн лидерээ алдсан ч гэсэн өмнөхийн адил байж л байна. Дашрамд дурьдахад миний номын үйл явдал нь Нью-Йоркийн захирагчаар Фиорелло Ла Гуардиа ажиллаж байсан үед өрнөх юм. Тэр үйл явдлын тэргүүн эгнээнд биш арын фонанд байгаа. Италийн цагаачид зөвхөн гэмт хэргийн ертөнцөд ч биш өөр талаар амжилт олж байсныг үзүүлэхийн тулд түүний дүр хэрэгтэй болсон юм.
-Та яагаад энэ уран зохиолын төслийг сонгох болсон юм бэ?
-Копполагийн кинонд би их дуртай л даа. Саяхнаас олон нийтийн зохиолд хүчээ үзмээр санагдсан юм. Үүнээс өмнө би гол төлөв оюун ухааны ээдрээтэй зохиолыг оролдож байсан. Пьюзогийн залгамжлагч нар болон миний зохиолын төлөөлөгч дундын хүн болж таарлаа. Тэдэнд приквелийн санаа төрөнгүүт нь би боломжийг баяртайгаар хүлээн авсан юм.
-Пьюзогийн гэр бүлтэй хийсэн таны хууль ёсны тохиолцооны утга агуулга нь юунд байгаа бол?
-Утгаараа бол приквел бичүүлэхээр тэд намайг хөлслөн авсан.
-Шагналын хэмжээ ямар байх вэ?
-Миний сонирхлыг татах хэмжээнд хангалтай гээд хэлчихье (инээв).
-Та Марио Пьюзотай уулзаж байсан уу?
-Харамсалтай нь үгүй. Түүнийг амьд сэрүүн байхад “Загалмайлсан эцэг” туультай нь холбогдоно гэсэн санаа надад огт төрж байсангүй.
-Арван жилийн өмнө энэ туулийн үргэлжлэлийг бичих саналыг танд тавихад та татгалзсан. Яагаад?
-Тэр үед беллетристика надад огт сонирхолгүй байсныг би хэлээд байгаа биш үү. Түүгээр ч барахгүй тэр үед би хоёр номоо дуусгах гээд завгүй байсан учраасанхаарлаа сарниулахыг хүсээгүй.
-Харин энэхүү саналыг тантай мэргэжил нэгтэн Флоридагийн их сургуулийн багш Марк Вайнгартнер хүлээн авсан. “Загалмайлсан эцэг буцан ирсэн нь”, “Загалмайлсан эцгийн өшөө авалт” гэсэн түүний хоёр сиквелийг та уншсан уу?
-“Загалмайлсан эцэг буцан ирсэн нь” номын би уншсан. Надад таалагдсан шүү. Маркийн үүрэг минийхээс хамаагүй хэцүү байсан. Сиквелад нь тэр драмын хамгийн хамгийн сайн дүрүүд Вито, Сонни хоёр амьд биш байж таарсан. Тэдэнгүйгээр үйл явдлыг сонирхолтойгоор өрнүүлнэ гэдэг маш хүнд. Харамсалтай нь, Вайнгартнераас өөр юу ч уншаагүй юм байна. Гэхдээ шүүмж бичигчид түүний зохиолуудыг нэн ялангуяа “Мушгирсан голын түймэр” романыг нь магтдагийг би мэднэ.
-Пьюзогийн номонд, Кополагийн кино хоёрдугаар хагаст Роберт Де Нирогийн тоглосон Вито Корлеонегийн бага залуу насны флэш-бэки үе үе гарч ирдэг. Та номондоо тэр тогтсон маягийн барих уу эсвэл түүнийг нь цоо шинээр гаргаж ирэх үү?
-Би өөртөө нэг ийм хүндхэн зорилго тавьсан байгаа. Пьюзогийн номын цоорхойг бөглөхдөө бүх өгөгдсөн зүйлийн шугмыг барих гэж бодож байна. “Загалмайлсан эцэг”-ийн үйл явдал 40 жилийн турш үргэлжилдэг. Миний ном нь түүний эхлэлийн өмнөх 10-12 жилийг хамаарах юм. Нэг талаас миний роман бие даасан бүтээл болох ёстой. Нөгөө талаасаа Пьюзогийн номтой сөргөлдөхгүй байх нь чухал.
-Пьюзо мафийнхантай шууд холбогдоогүй, мэдээллээ хоёрдугаар шатны эх сурвалжаас авч байсан гэдэг. Харин та?
-Би ч мөн ялгаагүй. Хэрэгтэй мэдээллээ авахын тулд би ном, сонин сэтгүүлийн материал уншиж, гэрчүүдтэй нь ярилцсан. Итали гаралтай америкчууд ихтэй Бруклины районд би католик гэр бүлд өссөн хүн. Олон жилийн турш мафи цэцэглэж байсан тэр хөрсийг би сайн мэднэ.
-Та италиар ярьдаг уу?
-Үгүй. Хараал л мэднэ (инээв). 1930-аад онд цагаачид хоорондоо италиар ярьдаг байсан. Гэхдээ харилцааны гол хэл нь мэдээж англи л байсан.
-Пьюзогийн тавигдаагүй кино зохиолд таны ном үндэслэгдсэн гэх юм. Үнэн үү?
-Би арай өөрөөр хэлнэ. Үндэслэгдээгүй. Харин “Загалмайлсан эцгийн тавигдаагүй дөрөвдүгээр ангиар нь урамшигдсан гэх үү дээ. Надад тэр кино зохиол мөн “Загалмайлсан эцэг 3”-т ороогүй хэсгийн хуудсуудыг өгсөн. Би тэднээс нь татгалзсан.
-Хэрэв нууц биш бол приквелийн гол агуулга ямар байгааг хэлэхгүй юу?
-Приквелийн хамгийн тааламжтай онцлог нь юунд байгааг та мэдэх үү? Вито Корлеонегийн бүх гэр бүл бүгд бэлнээрээ байна! Тэр өөрөө амьд, Сонни, Фредо хоёр алагдаж амжаагүй. Майкл хүүхдээрээ, Сонни дөнгөж 18 настай. Гангестерууд нь ч байрандаа, Брази, Тессио, Клеменца бүгд л байгаа. Гэхдээ надад бүрэн хэмжээний роман бичих шаардлага байгаа учраас хэд хэдэн шинэ дүр гаргах хэрэгтэй. Ингээд би ирландчуудыг оруулж ирсэн. Миний романы гол зангилаа нь гэмт хэргийн наран дор ирландчуудаас газар нутгийг нь байлдан эзэлсэн италичуудын түрэмгийлэл юм.
-Эмэгтэй хүний шинж чанарыг сонирхох таны зохиолчийн эрмэлзэл энэ приквелд чинь ямар янзаар гарч байна вэ?
-1930-аад оны гангестерийн ертөнц нь эрчүүдийнх. Гэхдээ хоёр эмэгтэйн дүрийг би тэргүүнд гаргасан. Нэг нь Соннигийн найз бүсгүй Сандра, нөгөө нь Витагийн эхнэр Кармелла Сопрано.
-Эхнэр нь Сопрано гэж үү?
-Хм, би хэтрүүлчихлээ. Мэдээж, Сопрано биш Корлеоне. Яагаад би ингэв?! (Инээв.) Уучлаарай…
-“Сопраногийн отог” телевизийн олон ангит кинонд тоглосон таны зээ Эди Фалкогоос болоо байлгүй. Би тэр олон ангит киноны амжилт нь таныг приквел бичихэд хүргээ юу гэж асуух гэж байлаа. Шийдэрээ гаргахад чинь зээ чинь хэрхэн нөлөөлөв?
-Эди бид хоёр сайн найз нар. Хоёр ч удаа намайг зураг авалтынхаа талбайд урьсан, киноныхоо нээлтэд ч урьсан.
-Романаа кино болно гэж бодож бичсэн үү?
-Үгүй, кино зохиол захиалгад байхгүй. Харин түүнийг толгойдоо хадгалан бичсэн юм. Тиймээс ч бичигдэж байгаа үйл явдлын харагдах тал дээр нь илүү анхаарахыг хичээсэн. Романд 600 гаруй хэсэг байгаа ч хажуугийн гэхээр сэдвийн хазайлт бий. Кино болгоход тэр бүгдийг хасаж цэгцлэх хэрэгтэй. Хэрэв кино хийвэл баяртай л байх болно. Номын худалдаанд сайнаар нөлөөлдөн.
-Гол дүрүүдэд та хэнийг харж байна?
-Надаас дандаа үүнийг асууж байна. Харин би Холливудын шинэ үеийнхнийг сайн мэдэхгүй.
-Копполагийн гурвалаас хэн нь танд таалагддаг вэ?
-Бүгд л агуу. Аль Пачино ч, Де Ниро ч, Брандо, Каан. Жүжигчдийн буянаар Копола амжилт уламж бэхэжсэн.
-Бас Нино Ротагийн хөгжим…
-Тэгэлгүй яахав! Надад тоглоом болгоод л приквелээ хөгжимт ил захидал шигээр, нээнгүүт нь “Загалмайлсан эцэг”-ийг хөгжим дуугардагаар хэвлүүлээч гэж зарим хүн хэлж байлаа.
-Приквелийг кино болгоё гэж Копполад санал болголоо гээд төсөөлөөд үзье. Тэр ямар шуухан хүлээн авах бол гэдгийг та хэлж чадах уу?
-Эхлээд тэр номыг нь уншаатах. Түүнд сиквелийг хийгээч гэхэд нь сонирхоогүй гэсэн.
-Копполагийн уран бүтээлийг судлаач Жин Филлипс бичихдээ тэрээр Пьюзогийн романы уншаад сэтгэл дундуур байсан гэсэн. Дараа нь санаа бодлоо өөрчлөн кино болгосон гэжээ?
-Яагаад гэдгийг мэдэх үү? Мөнгө! Коппола мөнгө сайн олно гэж бодож байсан. Пьюзогийн хувьд ч тэр ном арилжааны төсөл л байсан. Эхний хоёр ном нь амжилт олоогүй юм. Түүний хувьд ном нь арилжааны төсөл байлаа. Зохиогчийнх нь санаа прагматик бараг увайгүй гэмээр байхад үр дүн нь сайн гардаг тохиолдол ч бий л дээ. “Загалмайлсан эцэг” шүтээн болж, Америкийн соёлын салшгүй нэг хэсэг нь болж чадсан юм.
-Та нэр хүндтэй их сургуульд уран зохиол заадаг. Уран бүтээлд чинь тус болдог уу? Магадгүй та санаа оноогоо оюутнууд дээр туршаад байгаа юм биш биз дээ?
-Оюутнуудтай харьцаад ирэхээр амьдралын лугшилтыг мэдрэх юм. Өмнө нь үл тоож байсан беллетристикийнхээ төсөөллийг тэгээд би хувиргасан байж магадгүй.
-Олон хүний хувьд Виржинийн политехникийн их сургууль гэхлээр 2007 оны аллагаар ойлгоод байдаг. Тэр үед солонгос оюутан оюутны байранд 32 хүнийг хөнөөн яргалсан. Та түүнийг таньдаг байсан уу?
-Тийм ээ, миний жүжгийн зохиолын ангийн оюутан байсан юм. Надад энэ асуултыг тавихаар дотор хүйт оргиод байдаг юм. Аймшигтай, гайхмаар, тайлбарлах аргагүй хэрэг. Америкт хүчирхийлэл эпидемийн шинжтэй болж байна. Дэлхийд өдөр бүр хүмүүсийг ямар ч утгагүйгээр харгислан хөнөөсөөр байна.
-Холливуд ба тоглоомын аж үйлдвэр нийгмийн хүчирхийлэл өсч байгаа хариуцлагаас хэсгийг ч гэсэн хуваалцах ёстой гэдэгтэй та санал нийлэх үү?
-Муу мэдээ авчирсан элчийг буудаад хэрэггүй. Ер нь бол зарим кинонд хүчирхийлэл хэтрээд шагналын тавцанд тавигдсан байгаа нь үнэн. Хүчирхийллийг магтан алдаршуулах хэрэггүй гэж би үздэг. Нөгөө талаас хүн бүрт хүчирхийллийн эрмэлзэл амьдарч байгаа. Харин видео тоглоом, кино нь аюулгүй байдлаар тэр эрмэлзлэлийг нь барьж байгаа юм. Ер нь бол ээдрээтэй нарийн олон талт асуудал энэ мөн.
-Гэхдээ та, Плюзогийн ном, түүний сонгодог хэлбэрээр хийсэн хүчтэй “Загалмайлсан эцэг” гурвал кино нь Италийн мафийг алдаршуулан дээрэмчин, алуурчдад романтик өнгөлгөө хийснийг үгүйсгэхгүй биз дээ?
-Маргаад яахав. Ганцхан зүйлийг хэлэхэд приквелдээ би хүчирхийлэл бол хүнлэг зүйл биш, дууриах эд биш гэдгийг гаргахаар хичээснээ хэлье. Ер нь бол би урлаг ёс суртахуун номлогч байх ёсгүй гэдэгт би итгэдэг. Энэ нийгмийн институтууд гүйцэтгэх үүрэг юм.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин