Сири охин Доналд Трампад захиа илгээжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

Сири охин Доналд Трампад захиа илгээжээ

Бана Алабед одоо Туркт амьдарч байгаа аж.

Дайны халуун цэг Алеппогоос твиттерээр жиргэж, дэлхий нийтийн эчнээ танил болсон долоон настай Сири охин Бана Алабед АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампад хаяглан нээлттэй захидал илгээжээ.

Та Сирийн хүүхдүүдийн төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Тэд таны хүүхдүүдийн л адилаар амар тайван амьдрах эрхтэй” гэж тэр бичсэн байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Алеппод хийгдсэн нүүлгэн шилжүүлэлтийн үеэр Бана охин гэр бүлийнхний хамт хотоос гарч, одоо Туркт амьдарч байгаа гэнэ.

Алеппод байхдаа тэр “Алеппогоос өдрийн мэнд хүргэж байна. Дайныг мартахын тулд би ном уншиж байна” хэмээн жиргэж, ном уншиж суугаа зургаа оруулж байлаа. 

“Миний найзын гэрийг бөмбөгдчихлөө. Найз минь үхчихсэн. Маш их санаж байна” гээд хөрш зэргэлдээх нурсан байшингийн зургийг цонхоороо авч, оруулж байв.

Биднийг хөнөөхөө зогсоогооч, бидэнд энх тайван хэрэгтэй. Том болоод багш болохын тулд надад энх тайван хэрэгтэй.

Охины ээж Фатемах твиттер хөтлөхөд нь тусалдаг гэнэ. Тэр охиныхоо АНУ-ын ерөнхийлөгчид бичсэн захидлыг нь BBC агентлагт илгээсэн байна. Бана Трампыг зурагтаар маш олон удаа харж байсан учир энэ захидлаа Доналд Трампын тангараг өргөх ёслолоос хэд хоногийн өмнө бичсэн гэнэ.


ДОНАЛД ТРАМПАД БАНА АЛАБЕД ОХИНЫ БИЧСЭН ЗАХИДАЛ:

Доналд Трамп танаа,

Миний нэрийг Бана Алабед гэдэг. Долоон настай. Сирийн Алеппо хотын охин.

Төрсөн цагаасаа эхлээд Сирид амьдарч байгаад, бүслэлтэд орсон зүүн Алеппогоос өнгөрсөн арванхоёрдугаар сард явсан. Сирийн дайны улмаас зовж шаналж байгаа олон хүүхдийн нэг нь би юм. Харин одоо би Туркт шинэ гэртээ тайван сайхан амьдарч байна. Алеппод байхдаа би сургуульд явдаг байсан, гэвч нэг л өдөр бөмбөгдөлтөд өртөж сургууль маань байхгүй болчихсон.

Зарим найзууд маань нас барсан.

Надад үнэхээр харамсалтай байна. Яг одоо дэргэд минь байсан бол хамтдаа тоглох байлаа. Би Алеппод тоглож чаддаггүй байсан. Үхлийн хот байсан болохоор.

Харин одоо Туркт би дураараар гадаа гарч, тоглож байгаа. Бас сургуульд сурч болно. Гэхдээ одоохондоо явж эхлээгүй байгаа. Ийм л учраас энх тайван гэдэг хүн бүрт, танд ч бас чухал.

Даанч одоо Сирийн олон сая хүүхэд над шиг амар амгалан биш байгаа. Сирийн өөр өөр хэсэгт олон хүүхэд зовж, зүдэрч байгаа. Томчууд ч ялгаагүй.

Таныг АНУ-ын ерөнхийлөгч болох гэж байгаа гэдгийг би мэднэ. Та Сирийн хүүхдүүдийг, Сирийн ард түмнийг авраач? Та Сирийн хүүхдүүдийн төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Тэд таны хүүхдүүдийн л адилаар амар тайван амьдрах эрхтэй.

Та Сирийн хүүхдүүдийн төлөө ямар нэг зүйл хийхээ амлавал би таны шинэ найз болъё.

Таныг Сирийн хүүхдүүдийн төлөө юу хийхийг тэсэн ядан хүлээж сууя.


Бана охин хоёр дүүгийн хамт.

Бана охины гэр бүлийнхэн одоо Туркт байгаа. Туркийн эрх баригчдын хувьд Сирийн босогчдыг дэмждэг. Трампын хувьд түүний байр суурь одоохондоо тодорхойгүй байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж