“Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2017.01.24-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авах ёстой гэв

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан байна. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийддэг. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр бие даан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Уг хөрөнгийг “Худалдаа хөгжлийн банк” (ХХБ)-ны захирал болон түүний хүрээллийн хүмүүсийн дөрвөн компаниас зээлжээ. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн “Кю Эс Си” компаниас 62 сая, “Ривер стоун” компаниас 70 сая, “Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая болон “Канет” компаниас 68 сая ам.доллар зээлжээ. Өөрөөр хэлбэл, ХХБ нь харилцагчдийнхаа мөнгөөр бизнес хийсэн байна. Тиймээс төр “Эрдэнэт”-ийг өөрийнхөө мэдэлд 100 хувь авах ёстой. Мөн ХХБ нь хууль бусаар Монголбанкнаас 200 тэрбум төгрөг, 71 сая ам.доллар зээлсэн. Энэ асуудалд хэлцэл хийх замаар “Эрдэнэт үйлдвэр”-ийг буцааж авах хэрэгтэй” гэлээ.

Мөн тэрбээр, “Иргэн нэг банкинд л хувьцаа эзэмших хуультай. Гэтэл ХХБ-ны 93 хувь, Улаанбаатар банкны 99 хувийг Д.Эрэнэбилэг гэж хүн эзэмшиж байна. Тиймээс энэхүү хууль зөрчсөн асуудлыг шийдвэрлэхийг Монголбанкинд даалгасан” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Арилжааны банкууд 12 төрлийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг. Өөр үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл ХХБ-ны удирдлагууд төрийн өмчийг өөрийн болгох үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа Монголын өнгөт металын салбарыг эрхшээлдээ оруулах үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн Эрчим хүчний салбарт ч хувийн хэвшлийн хяналт тогтоохоор ажиллаж байсан. Тухайлбал, сонгуулийн өмнө Багануурын цахилгаан станц, гурав болон дөрөвдүгээр цахилгаан станцийг авахаар санаархаж байсан” гэлээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Ц.Нямдорж гишүүний хүү Анхбаяр нь “Эрдэнэт үйлдвэр”-т 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэсэн мэдээлэл гараад байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 2004 онд нэг удаа, 2006 онд нэг удаа миний хүүхэд “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ хийсэн юм байна лээ. Ном журмынхаа дагуу гэрээгээ хийсэн. 2004 оноос хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байна. Нуугаад хаагаад байх зүйл байхгүй. С.Эрдэнэ гишүүнд баярлаж байна. Намайг энэ асуудлыг хөндөж эхэлснээс хойш Ц.Нямдорж шахаа хийх гэж байна, өөрийнхөө хүнийг “Эрдэнэт”-д томилуулах гэж байна гэсэн гүтгэлгийг гурван сар явуулж байгаа. Энэ мэдэгдлээрээ миний нэр төрийг цэвэрлэхэд их тус дэм боллоо гэж баярлаж байна. Тухайн үед болоод өнгөрсөн зүйл. Нэг удаагийх нь гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй үнэтэй юм билээ.

-Ц.Нямдорж гишүүн ээ, та хүүхдээ “Эрдэнэт үйлдвэр”-т бараа нийлүүлэхэд нь дэмжсэн үү. Ямар нэгэн байдлаар оролцсон уу?

-Миний хүүхэд Эрдэнэт рүү хоёр удаа явахад би таьдаг хүндээ хэлсэн юм аа. Миний хүү нэг ийм юм яриад байна. Боломж байвал хууль, дүрмийн дагуу өөрт ч, өрөөлд ч халгүй туслахыг бодоорой гэж гуйсан юм. Тэрийг нуух зүйл байхгүй. Хүүхэд нь нэг ажил хийх гэж байхад хууль зөрчихөөргүй бол ганц үг хэлэх нь хүн ёсны хэрэг. Бултаад байгаа юм алга.

-Шүүхээс энэ гэрээг хууль зөрчсөн гэдгийг нь тогтоогоогүй байхад УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлж авах нь зүйтэй гээд гэм буруутайг нь тогтоочихож байгаа юм шиг дүгнэлт оруулж ирж байгаа нь хууль тогтоомжиндоо хэр нийцэж байгаа вэ?

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: -Ажлын хэсгийн дүгнэлт бол 49 хувийг худалдахдаа хууль зөрчсөн байна гэсэн асуудлыг ярьж байгаа юм. Заавал шүүх тогтоох асуудал биш. Цагаан дээр хараар биччихсэн хуулийг зөрчөөд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Их хурлаар шийдвэрлэх ёстой юмыг шийдүүлээгүй. Засгийн газар хууль зөрчсөн тогтоол гаргасан бол өөрөө болон Их хурал хүчингүй болгодог Үндсэн хуулийн заалт байгаа. Энэ хүрээнд л ажиллах ёстой. Үүнд шүүх бус төрийн өөрийн оролцох асуудал.

-УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Ажлын хэсэг дээр эсрэг саналтай байсан юм байна. Албан бичигтээ 49 хувийг эргүүлээд авлаа гэхэд Засгийн газарт шууд шилжиж орж ирэх боломжгүй. Монгол Улс хохирно гэсэн зүйл ярьсан юм байна. Ажлын хэсэг үүнийг хууль эрхзүйн үүднээс хэрхэн анзаарсан бэ?

-Булааж авч байгаа асуудал байхгүй. Төрөөс ХХБ бусад компаниуд байршуулчихсан их хэмжээний мөнгө байгаа. Үүнийхээ оронд хэлцэл хийх замаар буцааж төрийн өмчлөлд ав гэдэг зүйл санал дүгнэлтэд орж байгаа. Б.Дэлгэрсайхан гишүүний тухайд тусгайлан санал өгсөн. Гэхдээ эсэргүүцсэн байдлаар биш. Нухацтай хандах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.

-Засгийн газар эргүүлж авлаа гэхэд хөрөнгө мөнгөний хувьд хэр боломжтой юм бэ. Мөн наймаа буцах юм бол 100 сая доллар төгрөгийн торгууль төлөх заалт гэрээнд байгаа гэсэн. Энэ мөнгийг яаж төлөх юм бэ?

-Шийдвэр гарна. Их хурлаар яригдана. Хэрхэн яаж буцааж авах вэ гэдэг асуудал яригдана. Засгийн газар 49 хувьтайгаа учраа олох ёстой. Хууль зөрчсөн дүгнэлтийг гаргалаа. Хэзээ хийх нь Засгийн газрын мэдэх ажил. Тэр үеэр 100 сая доллар төгрөгийн асуудал яригдах байх.

Ц.Нямдорж: Гуравдагч этгээдэд худалбал 100 сая доллар төлнө гэсэн заалт гэрээнд байгаа юм шиг байна лээ. Энэ бол гуравдагч этгээдэд шилжиж байгаа явдал биш. Засгийн газрын хууль бус шийдвэрийг УИХ хянаж байна. Хойд айлын талаас энэ асуудлаар нэг их юм ярихгүй байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж