УИХ-ын сонгуулиар намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж Ардчилсан намын даргаасаа огцорно гэдгээ З.Энхболд мэдэгдсэн. Тэрбээр, намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, намын ажилд бараг оролцохгүй байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгосон байдаг. Гэтэл түүний хамгийн сүүлд гаргасан хоёр шийдвэр нь зөрчилдөж, жирийн гишүүдийнх нь дургүйцлийг төрүүлж эхэллээ.
Тэрбээр өмнө нь Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлийг хоёр хоногоор сунгаж нэгдүгээр сарын 6-ны 24.00 цагаар тасалбар болгох тушаалыг гаргаж байсан. Үүнийгээ орон нутгийн намын гишүүд шинэчилсэн бүртгэлд хамрагдах идэвх сул байгаа учраас бүртгэлийн хугацааг сунгах ёстой гэдгээр тайлбарласан байдаг. Тэрчлэн гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг дунд шатны намын хороо нэгдүгээр сарын 8-нд хүлээн авч, 10-ны өдөр АН-ын ХЭГ-т хүлээлгэж өгөхийг уг тушаалдаа дурджээ.
Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын дарга З.Энхболд өмнөх тушаалаа үгүйсгэн, арванхоёрдугаар сарын 6-ны өдөр АН-ын ХЭГ-т бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох тушаал гаргажээ. Энэ нь жирийн гишүүдийнх нь дургүйцлийг төрүүлж, даргын сонгуульд оролцох эрхийг нь хаагдуулж байна гэж үзэж байгаагаа илэрхийлж байна.
Б.БАТ