АНУ-ын Вашингтон хотноо 2016 оны арванхоёрдугаар сард 66 дахь удаагийн “Дэлхийн мисс”-ийн тэмцээн болсон. 120 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн “Miss World”-н ялагчаар Пуэрто Рико улсын мисс Стефани дел Валле тодорсон билээ. Тэгвэл Монголын оролцогч загвар өмсөгч, мисс, жүжигчин А.Баярцэцэг шилдэг 11 оролцогчийн нэг болсон юм. Түүний хувьд авьяас миссийн үзүүлбэрээр ялагч болж, шилдэг 20-д шууд багтсан. Ингээд үзэгчдийн сонголтоор /People’s choise/ хамгийн олон саналыг А.Баярцэцэг авч, шилдэг 11-т үлдсэн юм. Түүнийг үзэгчийн саналыг авахад танилцуулга видео чухал үүргийг гүйцэтгэсэн. Энэхүү танилцуулга видеог ACE ENTERTAINMENT-ийнхан хийсэн юм. А.Баярцэцэгийн видео танилцуулгыг бүтээсэн чөлөөт уран бүтээлч Д.Алтантулгатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-“Дэлхийн мисс 2016”-д мисс А.Баярцэцэг амжилттай оролцож, шилдэг 11-т багтсан. Танилцуулга видеог хэрхэн бүтээсэн бэ?
-А.Баярцэцэгтэй би анх 2015 онд “Эх дэлхийн мисс”-т оролцох үед нь танилцаж байсан. Тухайн үед бидний богино хугацаанд хийсэн танилцуулга видео шилдэг хандалтыг авсан. Түүний хувьд “Дэлхийн мисс”-т дахин хамтран ажиллах саналаа тавьж байсан юм. А.Баярцэцэгтэй ярилцаж байгаад зохиолоо гаргасан. Бид монгол хатан ухааныг гаргахыг их хичээсэн. Яагаад гэхээр түүний өрсөлдөгч Европ, Америк, Азийнхан бол биднээс өөр зүйл хүснэ. Биднийг тэд байлдан дагуулалт, Чингисийн түүх, дайчин баатарлаг түүхээр төсөөлдөг учраас таамаглаж байгаагаас илүү гаргахыг хичээсэн.
-А.Баярцэцэгийн жүжиглэлтийн ур чадвар танилцуулга видеог хийхэд дөхөм байсан уу?
-Тийм ээ. Яагаад гэхээр Баяраагийн жүжиглэх ур чадвар бидэнд дэм болсон. Бид өмнөх “Дэлхийн мисс”-ийн бичлэгүүдийг үзсэн. Манай миссүүд хатан хувцас өмсөж, дэлхийд Монголоо их сурталчилсан. Гэхдээ Монгол хатан ухааныг гаргах санаа их бага байлаа. Ингээд бид илүү хатан ухаан дээр түшиглэн танилцуулга видеоны зохиолыг бичсэн. Мөн Баяраагийн жүжиглэх ур чадвар ч нийцэж байсан учраас төвөггүй болсон болов уу. Мөн Монгол орон орчин үеийн хөгжилд хэрхэн хөл нийлүүлэн алхаж байгааг ч харуулсан. Дэлхийн мисст оролцож байгаа миссүүдийн хамгийн эхний танилцуулга бол видео байдаг. Тиймээс энэ танилцуулга видео Баярцэцэгийн цаашдын оролцоонд их нөлөөлсөн. Тиймдээ ч түүнийг монгол төдийгүй гадны оролцогчид дэмжиж, өндөр хандалт авсан. Одоо хандалт 231 мянгад хүрээд байна.
-Одоо ACE ENTERTAINMENT-ын уран бүтээлчид ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
– Бид өнгөрсөн онд зохиолч, найруулагч Ц.Бямбажаргалын “МИНИЙ ЭХНЭР ТАГНУУЛЧ” уран сайхны киног бүтээсэн. Цаашид хийхээр төлөвлөсөн олон зүйл байгаа.
Ч.БОЛОР