Даашинзтай ерөнхийлөгчийн дуулиан томорсоор

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

Даашинзтай ерөнхийлөгчийн дуулиан томорсоор

-“Samsung”-ийн тэргүүнийг баривчлах шаардлагагүй гэж үзжээ-

Сөүл хотын дүүргийн шүүх И Жэ-юныг баривчлах шаардлагагүй гэж үзжээ.

Өмнөд Солонгосын “Samsung” группийн өв залгамжлагч И Жэ-юныг баривчлан саатуулах шаардлагагүй гэж Сөүл хотын дүүргийн шүүх үзжээ. Тус улсын анхны даашинзтай ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах хэмжээнд хүрсэн авлига, хээл хахуулийн хэргийг шалгаж буй тусгай албанаас И овогтыг саатуулан шалгах хүсэлтийг өнгөрсөн даваа гаригт /2017.01.16/ шүүхэд хүргүүлсэн юм. Улмаар Сөүл хотын шүүх өчигдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, дөрвөн цаг орчим хуралдсаны эцэст шийдвэрээ гаргажээ. Шүүхийн дүгнэлтийг өнөөдөр /2017.01.19/ эрт олон нийтэд зарласан байна.

Өдгөө “Samsung” группийн охин компани “Samsung Electronics”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй И Жэ-юныг авлига өгсөн, өмч шамшигдуулсан болон хуурамч мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр буруутгаж буй.

Өнгөрсөн аравдугаар сараас эхтэй энэ авлигын дуулиан одоо илүү өргөн хүрээг хамарч, мөрдөгчид хэргийг ухах тусам сэжиг нэмэгдсээр байгаа гэж болно. Хэрэгт холбоотойгоор ерөнхийлөгч дотны найз гэгдэх Чой Сун-шилийг баривчлан саатуулсан бөгөөд түүний охин Чун Юү-раг мөн холбогдуулан шалгаж эхэлсэн. Түүнээс гадна ерөнхийлөгчийн ойрын туслах, сайдын алба хашиж явсан хэд хэдэн эрхмийг сэжигтнээр татаж, саатуулан шалгах хүсэлтээ прокурорын газраас явуулжээ.

ДУУЛИАН ЮУНААС ҮҮДЭЛТЭЙ ВЭ?

Хэргийн гол зангилаа нь ерөнхийлөгчийн дотны найз гэгдэх Чой Сун-шил юм.

Ерөнхийлөгчийн дотны найз Чой Сун-шил засгийн газрын харьяанд ямар нэг албан тушаал эрхэлдэггүй хэрнээ ерөнхийлөгчийн үг, үйлдлийг зааварчилж, өндөр тушаалд хэнийг томилох асуудлыг шийдэж байсантай холбоотой энэ дуулиан мандсан юм. Түүгээр ч барахгүй Чой овогт ерөнхийлөгчид “ид шидийн” нөлөө үзүүлж байсан гэх. Тэрбээр “Мөнхийн амьдрал” гэх шашныг үндэслэгч Чой Тэ-миний охин бөгөөд удган. Эцэг нь өөрийгөө христийн болон майдар бурхдын хувилгаан дүр гэдэг байсан аж.

2016 оны аравдугаар сараас эхтэй энэ хэрэг даамжирсаар Чой Сун-шил ерөнхийлөгчид нөлөөлж, улмаар ерөнхийлөгчийн дарамт шахалтаар дотоодын томоохон бизнес эрхлэгчдээс хандив нэрийн дор их хэмжээний мөнгө цуглуулж байсан нь тогтоогдсон юм. Ерөнхийлөгч ч үүнээс хувь хүртэж байсан гэх.

Өмнө нь Пак Гын Хэ өөрийн алдааг хүлээн зөвшөөрч, нүдэндээ нулимстайгаар ард түмнээсээ уучлал гуйж байв. Ингэхдээ тэр Чой овогтыг төрийн хэрэгт оролцуулсандаа уучлал хүссэн, харин авлигын хэрэгт огтхон ч холбоогүй гэж мэдүүлж, өөрт нь тулгасан ялыг няцаасаар байгаа юм.

Ерөнхийлөгчийн нэр холбогдсон энэ дуулианы улмаас Өмнөд Солонгосын парламент 2016 оны арванхоёрдугаар сарын 9-нд Пак Гын Хэд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Одоо импичментийн дүнг Үндсэн хуулийн шүүх хянан хэлэлцэж байгаа.

ПАК ГЫН ХЭ БА ЧОЙ СУН ШИЛИЙН НӨХӨРЛӨЛ

Пак Гын Хэ бол орчин үеийн Өмнөд Солонгосын зөрчилдөөнтэй намтар бүхий удирдагч Пак Чун-хигийн охин юм. Пак удирдагчийг хөнөөх зорилготой байсан Умардын тагнуулын гарт Пак Гын Хэгийн эх 1974 онд амиа алджээ. Дараа нь Пак Гын Хэ бэлэвсэрч хоцорсон аавдаа түшиг болж, 22 насандаа БНСУ-ын тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэх болов.

Чой овогт мэдүүлэг өгөхөөр гадаадаас эх орондоо ирэв.

Ингээд тэр Чой Тэ-минийг таних болжээ. “Мөнхийн амьдрал” гэх шашныг үндэслэгч тэрээр Пак Гын Хэгийн ээжийнх нь сүнс охиндоо туслуулахаар өөрийг нь илгээсэн гэж ярьдаг. Улмаар тэр Пак эмэгтэйн зөвлөх, зааварлагч нь болж, өөртөө ч мөн эрх мэдэл, хөрөнгө мөнгө хурааж байв.

Эцэг Пак Чун Хи 1961 оноос БНСУ-ыг удирдаж байгаад 1979 онд тагнуулын албаны даргынхаа гарт амь үрэгджээ. Шалтгааныг нь эрх мэдлийн тэмцлээс болсон гэж тайлбарладаг.

Пак Гы Хэ энэ хугацаанд Чойгийн охин Чой Сун-шилтэй дотно нөхөрлөх болжээ. Чой Сун-шилийг эцгийнхээ хувилгаан чадварыг өвлөн авсан гэдэг.

НАЙЗЫН ХАРИЛЦАА ЯМАР АСУУДАЛ ДАГУУЛАВ?

2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд Чой Сун-шилийг эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдад дарамт шахалт үзүүлэхийг завдсан, дарамт үзүүлсэн, мөнгө угаасан зэрэг хэд хэдэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхлэв. Түүний буруутай эсэхийг эцэслэн тогтоох шүүхийн үйл явц одоо ид үргэлжилж байгаа.

Хэрэгтэй холбоотой зарим мэдээлэл хэвлэлийнхний хувьд хаалттай ч өөрийн эрх ашгийн төлөө бөөгийн зан үйл ашиглан ерөнхийлөгчийг утсан хүүхэлдэй болгон ашиглаж байсан гэх мэдээлэл ч бий. Гэхдээ батлагдсан зүйл одоогоор байхгүй.

Өдийг хүртэл ганц бие яваа Пак Гын Хэ найзынхаа санаа бодлыг төрийн хэрэгт тусгадаг гэх шүүмжлэлд өртжээ.

Мөн Чой овогт ерөнхийлөгчтэй ойр дотно харилцаагаа ашиглаж, дарамт шахалт үзүүлэх замаар өөрийн тэргүүлдэг ашгийн бус хоёр санд их хэмжээний мөнгө төвлөрүүлсэн хэрэгт буруутгагдаж байгаа. Энэ хэрэгт тус улсын хамгийн том компани болох “Samsung” групп тэргүүтэй найман компани нэр холбогдсон.

Энэ хэрэгт ерөнхийлөгч Пак ч мөн биечлэн оролцсон гэж прокурорын газраас сэжиглэж байгаа юм.

Ерөнхийлөгч Пакийг огцрохыг шаардсан жагсаал, цуглаан нэг бус удаа болов.

Түүнчлэн Чой Сун-шилийг ерөнхийлөгчийн туслахаар дамжуулж төрийн нууцад хамаарах олон бичиг баримтыг гартаа оруулсан гэж буруутгаж байна. Үүнд сайдын албанд нэр нь яригдаж байсан эрхмүүдийн тухай болон Хойд Солонгосын талаарх мэдээлэл багтсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй ерөнхийлөгчийн хувцасны төсвийг хүртэл захиран зарцуулж, хямд хувцас авч, зөрүү мөнгийг өөртөө авч байсан хэрэгт Чой овогтыг буруутгажээ.

ТЭД ӨӨРСДӨӨ ЮУ ГЭВ?

Тэд хоёул ард түмнээсээ уучлал гуйсан. Гэвч яг юуны төлөө вэ гэдэг нь тодорхойгүй. Хамгийн анх өнгөрсөн аравдугаар сард мэдүүлэг өгөхдөө Чой Сун-шил өөрийгөө “уучилшгүй гэмт хэрэг үйлдсэн” гэж байв. Гэвч түүний өмгөөлөгч хууль зөрчсөн хэрэг гэж хэлээгүй гэж байлаа.

Ерөнхийлөгч Пак ч мөн өөрийгөө алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Тэр Чой Сун-шилээс зөвлөгөө хүсдэг байсан, олон нийтэд тавих илтгэлээ редакторлуулж байсан, гэвч албан ёсны туслахуудтай болсны дараа дахин тийм зүйл болоогүй гэсэн юм. Харин гэрчүүд Чой овогтын оролцоо хэзээ хойно ч байсаар л байсан гэж мэдүүлжээ. Үүнийг батлах баримт бүхий таблет компьютер Чой овогтын албан өрөөн дэх ширээнээс олдсон юм.

Хожим нь ерөнхийлөгч Пак арай өөр байдлаар уучлал гуйв. Энэ удаад “Шалтгаан нь ямар байхаас үл хамаарч үндэстний хэмжээнд нөлөөлөх дуулиан гарсандаа бүх ард түмнээсээ уучлал хүсч байна” гэсэн юм.

Ерөнхийлөгч Пакийг өөрийн найз Чой овогтод хэтэрхий их итгэл үзүүлсэн гэдэг.

“SAMSUNG” ЭНЭ ХЭРЭГТ ЯМАР ХАМААТАЙ ВЭ?

Прокурорын газраас “Samsung” группийн өв залгамжлагч И Жэ-юныг Чой овогтын тэргүүлдэг хандивын сан болон Чой, түүний охин Чун Юү-ра нарын хувьд эзэмшдэг, Германд бүртгэлтэй “KOREA SPORTS” гэх компанид нийт 43 тэрбум воны /36,4 сая ам.доллар/ өгсөн хэрэгт буруутгасан юм. Хариуд нь тэр “Samsung”-ийн хоёр охин компанийг нэгтгэх үйл явцад засгийн газраас дэмжлэг авсан гэж үзэж байгаа.

Ингэхдээ “Samsung”-ийн хувь эзэмшдэг Үндэсний тэтгэврийн сангийн үнэлгээг зохиомлоор бууруулж, өөр нэгэн охин компани болох “Samsung C&T”-д нэгтгэсэн. Энэ нь том группийн ирээдүйн удирдагчийн байр суурийг баталсан чухал алхам болсон гэгддэг.

ЭНЭ ХЭРЭГТ ӨӨР ХЭН ОРОЛЦСОН БЭ?

Хэрэгт холбогдуулан ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан хэд хэдэн эрхмийг шалгаж байгаа. Бодлогын зохицуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ан Чон Бум, ерөнхийлөгчийн туслах асан, Соёлын сайд Чо Юүн-сү, ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан Ким Ки-чүн тэргүүтэй хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан шалгаж байна.

ИМПИЧМЕНТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАМНАЛЫГ ТӨГСГӨХ ҮҮ?

Ерөнхийлөгч Пак Гын Хэд итгэл үзүүлэх асуудлаар парламентад нууц санал хураалт явуулахад 234 гишүүн түүнийг огцруулахыг дэмжиж, 56 нь эсэргүүцсэн юм. Пак Гын Хэгийн “Саэнүри” намын гишүүд ч түүний эсрэг санал өгчээ.

Одоо парламентын энэ шийдвэрийг баталгаажуулах эсэх асуудлыг Үндсэн хуулийн шүүх хэлэлцэж байгаа. Тэд 180 хоногийн дотор шийдвэр гаргах ёстой. Пак Гын Хэ шүүхийн энэ үйл явцад биеэр оролцохыг татгалзсаар байгаа юм. Хуулийн дагуу үүнийг хүлээн зөвшөөрдөг ажээ. Хэрэв шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан есөн шүүгчийн зургаа нь саналыг хүлээн зөвшөөрвөл Пак Гын Хэ ерөнхийлөгчийн албанаас огцрох болно.

Одоо Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албыг ерөнхий сайд Хван Кё-ан түр хашиж байгаа юм. Үндсэн хуулийн шүүх Пакийг огцруулахыг дэмжвэл 60 хоногийн дотор БНСУ-д ээлжит бус сонгууль зарлах учиртай.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж