Таг нь цөмөрсөн траншейны балаг

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

Таг нь цөмөрсөн траншейны балаг

Хотын гудамжнаа цэвэр, бохир ус, дулаан, холбооны гэх мэт дэд бүтцийн бүхий л байгууламжид зориулсан траншейны нүх тоймгүй бий. Траншейны албан ёсны хэллэг нь инженерийн байгууламжийн худаг суваг. Албан бусаар бол газар доорх хотын үүд хаалга ч гэж болно.  Нэг хэсэг таггүй траншей олширч нүхэнд нь унаж бэртсэн, эд хөрөнгөөрөө хохирсон гэх хүмүүсийн гомдол цөөнгүй гарч байлаа. Харин одоо газар доорх худаг сувагчлалын ихэнх нь тагтай болсон ч автозамын зорчих хэсэгт байрласан траншейны таг даацаа дийлэхгүй эвдэрч гэмтэн, онгорхой цоорхой болсон нь цөөнгүй. Төв замаар машинтай явахад төмөр тагтай траншей бишгүй л тааралдана. Гэвч зарим траншейны таг мэдэгдэхүйц хонхойж, дээшээ, доошоо овойж, нүх үүссэн нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд аюул учруулж буй юм. Стандартдаа бол траншейны таг замын төвшнээс 0.7 см доогуур байхад л хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үздэг. Мөн траншейны худгийн хэмжээ 0.9-1.5 метрийн диаметрээс хэтэрвэл хөдөлгөөний аюулгүй байдалд муугаар нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үздэг байна.

Жолооч Б.Батбаяр

“Европт инженерийн шугам сүлжээний худаг буюу траншейг төв замын дагуу юм уу эсвэл замтайгаа ижил түвшинд хийдэг. Гэтэл манай траншейны таг нэг бол дээшээ, эсвэл стандартын горим алдагдаж нүх болчихсон байдаг. Өвлийн хүйтэнд хөлдсөн машинтай явж байгаад траншейны нүхэнд донсолбол машины амортизаторын эдэлгээнд муугаар нөлөөлнө. Ер нь машины бусад эд ангиудад ч сөрөг нөлөөтэй. Жолооч нар ихэвчлэн хурдтай давхиж яваад л дайраад гардаг” тухай жолооч Б.Батбаяр ярилаа.

Траншейны нүхнээс болж гэмтсэн, бэртсэн гэх хүмүүсийн гомдол харьцангуй бага. Өнгөрсөн онд л гэхэд траншейны таг байхгүйгээс эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон хоёр удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 54 дүгээр зүйл заалтаар зохицуулдаг бөгөөд цагдаагийн байгууллагын зүгээс холбогдох байгууллагуудад нь шилжүүлэн өгч шийдвэрлүүлжээ.

Хотын хэмжээнд нийт 23 504 инжерийн шугам сүлжээний худаг бий. Үүний 7414 нь орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрынх, 1048 нь дулааны шугамын, 6000 нь холбооны, 3817 борооны ус зайлуулах, 4530 нь цэвэр, бохир усных, 695 нь авто замын гэрэл дохио, гэрэлтүүлгийнх байдаг ажээ.

Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд үүнийг цогц байдлаар тусгасан. Өмнө нь хариуцлагыг цагдаа, жолооч хүлээдэг байсан бол одоо бол хүн бүрийн үүрэг хариуцлагыг тус тусад нь тусгаж өгсөн байгаа. Үүний дагуу зөвхөн траншей гэлтгүй замын тэмдэг тэмдэглэгээ буруу байрлуулах, замтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахдаа хууль журмын дагуу биш байвал тухайн байгууллага хариуцлага хүлээдэг болсон. Стандартын горим алдагдснаас болж үүссэн нүх нь  замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхүйц нөхцөл байдлыг үүсгэж байна. Үүнийг хариуцсан байгууллагууд нь цаг тухайд нь шалгалт хийж, засварлах ёстой. Төв замын дунд дээшээ овойж, , доошоо хонхойсон траншей харьцангуй цөөн бий. Гэвч өөрийн тээврийн хэрэгслээ эвдэхгүйн  тулд  тэр нүхийг тойрч гарах нөхцөл байдал үүсдэг. Нүх тойрч гарах үедээ ямар нэгэн осол гаргасан бол худаг сувагчлал хариуцсан байгууллага л хариуцлага хүлээх учиртай” гэсэн юм.

Энэ тухай 2015 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд тусгасан байдаг. Тодруулбал, хуулийн 54.18-д "Зам дээр хийгдсэн үзлэгийн болон шүүрт худгийн таг байхгүй, алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулагдаагүйгээс зам тээврийн осол, хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулан, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заажээ.

Автозамын инженер Д.Чинбаатар

“Ер нь зам дээр нүх үүсгэсэн траншейны таг машин тэрэг, жолоочийн тав тухтай байдалд ихээр нөлөөлдөг. Заавал ийм хүнд төмрөөр таг хийж байхаар сүүлийн үеийн эко технологиор бүтээсэн даац сайтай, хямд үнэтэй таг хийвэл хулгайд ч алдагдахгүй. Үүнийг ажил болгон шийдэхэд асуудалгүй” гэж санал бодлоо Автозамын инженер Д.Чинбаатар хуваалцлаа.

Харин жолооч Э.Баяржаргал “Зарим цөөн тооны траншей таггүй, тагтай нь нүх үүссэн харагддаг. Нарийн зам дээрх нүхийг тойроход маш хүндрэлтэй. Өргөн зам дээр бол тойрч гарах боломжтой байдаг”  хэмээн ярилаа.

Таггүй траншей, замын эвдрэл гэмтлийг тойрох гэж байгаад эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирвол худаг сувагчлал хариуцсан байгууллагаар хохирлоо төлүүлэх боломжтой гэдгийг жолооч нар тэр бүр мэддэггүй. Иргэдийн мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулан худаг сувагчлалдаа хариуцлагагүй хандсаар байгаа инженерийн байгууламжийнханд дохио санамж өгөх цаг болжээ. Аль болгоны буруутан эгэл жирийн иргэд байх ёстой юм бэ. Эрүүл аж төрөх эрхээ нэхэмжилж, хариуцлагагүй байгууллагуудыг үүрэг хүлээлгэдэг болгоё гэвэл энэхүү сурвалжлагыг маань цааш түгээж, олонд хүргээрэй.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж