Уншигч танд долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ?” булангаа манай агентлаг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн буланд Сангийн яамыг онцолж байна. Тус яамны мэргэжилтнүүд 2016 оны арванхоёрдугаар сарын улсын төсвийн тайланг гаргажээ. Энэ тайлангаас харахад Монгол Улс оны сүүлээр богино, дунд урт хугацаатай бондын төлбөрийг шилжүүлсэн байна. Хэдийгээр улсын төсөв хүндхэн байгаа ч 2016 оны арванхоёрдугаар сард гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт 135.6 тэрбум, Засгийн газрын урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 1,300.4 тэрбум, богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 282.8 тэрбум төгрөгийг тус тус төлжээ. Ингээд тайланд дурдсан баримтыг хүргэж байна.
Монгол Улсын 2016 оны улсын төслийн гүйцэтгэл гарчээ. Энэхүү гүйцэтгэлд танилцуулснаар улсын орлого 9.4 хувиар буюу 504.8 тэрбум төгрөгөөр давсан ч өмнөх оны мөн үеийнхээс 129.0 тэрбум төгрөгөөр бага дүнтэй гарсан байна. Мөн сард төсвийн нийт тэнцэл 3,513.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Онцлоход Засгийн газар 3,754.2 тэрбум төгрөгийн урт хугацаат дотоод бонд, 1,021.4 тэрбум төгрөгийн урт хугацаат гадаад бонд, 282.8 тэрбум төгрөгийн богино хугацаат дотоод бондыг тус тус арилжаалжээ.
Ингээд Сангийн яамны тайланд дурдсан улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого түүний задаргааг хүргэж байна.
Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2016 оны арванхоёрдугаар сард 3,854.0 тэрбум төгрөгт хүрчээ. Энэхүү орлогыг дараах байдлаар ангилсан байна. Үүнд:
ААНОАТ-ын орлого 76.7 тэрбум
Дотоодын барааны НӨАТ-ын орлого 33.2 тэрбум
Импортын барааны НӨАТ-ын орлого 20.9 тэрбум
Дотоодын архи дарсны онцгой албан татварын орлого 21.4 тэрбум
Импортын тамхины онцгой албан татварын орлого 14.4 тэрбум
Автобензин дизелийн түлшний онцгой албан татварын орлого 49.7 тэрбум
Импортын гаалийн албан татварын орлого 26.2 тэрбум
Улсын тэмдэгтийн хураамжийн орлого 12.4 тэрбум
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 11.7 тэрбум
Бусад татварын орлого 15.6 тэрбум
Газрын тосны орлого 10.8 тэрбум
Навигацын орлого 12.8 тэрбум
Бусад татварын бус орлого 13.8 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс давсан нь голлон нөлөөлсөн байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2016 оны 12 дугаар сарын байдлаар9,693.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 9,519.9 тэрбум төгрөгийн буюу 98.2 хувь, улсын төсвийн зарлага 7,749.7 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 7,367.3 тэрбум төгрөгийн буюу 95.1 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Дашрамд дуулгахад НӨАТ-ын буцаан олголтоор 94.4 тэрбум төгрөг олгосон байна.
Улсын төсвийн халамжийн сангаас дараах зардлыг шилжүүлсэн байна. Үүнд:
Ахмад дайчин, алдар цолтой ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн зардал 4.6 тэрбум
Алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмжид 28.2 тэрбум
Засгийн газрын нөөц хөрөнгийн зардал 24.3 тэрбум
Хөрөнгийн зардал 1,846.0 тэрбум төгрөг
Улсын төсвөөс орон нутагт 151.0 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 120.3 тэрбум төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлэг, 995.0 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлгийг тус тус олгосон байна.
Орон нутгийн төсвийн зарлага 2,314.9 тэрбум төгрөгт хүрсэн бол орон нутгаас улсын төсөвт 90.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Хүний хөгжил сангаас 278.5 тэрбум төгрөгийн зарлага гарсан бол үүний 218.8 тэрбум төгрөгийг хүүхийн мөнгө хэлбэрээр олгосон байна.
Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 101.2 хувийн буюу 1,786.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Тус сангаас улсын эмнэлгүүдэд 170.1 тэрбум төгрөгийн татаас олгожээ.