Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 820 хүний 90 хувь нь эмэгтэй хүн, таван хувь нь эрэгтэй, таван хувь хүүхэд өртөж байна гэсэн судалгаа гарчээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэгт өртөж буй хүмүүсийн таван хувь нь амь насаа алддаг гэсэн судалгааг өнөөдөр /2017.01.18/ Улаанбаатар хотын Цагдаагийн газарт болсон “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх нь” сэдэвт сургалтын үеэр дурдаж байлаа.
Шинэчлэн батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр нийслэлийн харьяа цагдаагийн албан хаагчдыг энэхүү сургалтад хамруулж байгаа аж.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч Э.Баярбаясгалан: Цагдаа нар гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн үнэлгээг хийнэ
-Шинэчилж батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд цагдаагийн албан хаагчид маш олон үүрэг хүлээж, ажиллахаар тусгасан байна. Тухайлбал, цагдаагийн албан хаагчид хүчирхийллийн мэдээллийн дагуу очихдоо орон байр руу шууд нэвтрэх үүрэг хүлээсэн байна. Ингэснээр гэр бүлийн хүчирхийллийг шууд таслан зогсоож, хохирогчид шаардлагтай бичиг баримт, хичээлийн хэрэгсэл гэх мэт зүйлсийг авч гарах үүрэг хүлээхээр тусгажээ. Мөн хохирогчийн байгаа орчинд аюулын зэргийн үнэлгээ хийхээр үнэлгээ хүлээлгэжээ. Энэхүү аюулгүй зэргийн үнэлгээгээр эрсдлийн түвшин өндөр байвал хохирогчийн саналыг үл харгалзан хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэх ёстой болно гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дагаад Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт орж байна. Тодруулбал, Эрүүгийн хуульд “Гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлддэг бол гэмт хэрэг юм. Тиймээс хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял онооно” гэж заасан. Хэрэв хүчирхийлэл нь нэг удаагийн үйлдэл байвал Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар 7-30 хоногийн баривчлах болж байна гэж ярилаа.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч М.Чойсүрэн: Шинэчилсэн хуулиар хүчирхийлэгчийг албадан сургалтад хамруулна
-Өмнөх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийг Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ авч байсан. Одоо энэхүү шинэ хууль батлагдсанаар хувь хүний ухамсрыг дээшлүүлэх албадан сургалтад хамрагдах болно. Хэрэв тэр этгээд засраагүй дахин хүчирхийлэл үйлдсэн бол хуулийн хариуцлага хүлээлгэх заалтууд орсон нь үр дүнтэй гэж бодож байна. Мөн гэртээ хүчирхийлэл үйлдэж, танхайрсан этгээдийг торгох буюу баривчлах арга хэмжээг авдаг байсан. Тэгэхээр торгуулиа төлөөд л дахин хүчирхийлэл үйлдэх тохиолдол элбэг гардаг. Одоо шинээр хэрэгжих гэж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хохирогчийг илүүтэй тусгаж өгсөн хууль болсон гэж цагдаагийнхан үзэж байна.
А.СҮРЭН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ЭНХБАТ