Ц.Нямдорж: 50 хүнээс судалгаа авах гэж тендер зарлах уу?

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: 50 хүнээс судалгаа авах гэж тендер зарлах уу?

УИХ-ын чуулганаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төслийн тухайд  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ё.Баатарбилэг нар шүүмжлэлтэй хандаж байлаа. Ингээд нэгдсэн чуулган дээр үг хэлсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна.  

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Хуулийн төсөлд тусгаснаар бол санал асуулгад оролцсон иргэнд мөнгө өгөх юм байна. Санал асуулга явуулж байгаа мэргэжилтэнд цалин мөнгө өгөх юм байна гэж ойлголоо. Улсын төсөв хүнд байхад эх үүсвэрийг хаанаас гаргах вэ? Орон нутагт ажлын байр хомс байгаа болохоор түр ажлын байр бий болгох Засгийн газрын хөтөлбөр шиг харагдаж байна. Энэ хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн гэж байна. Засгийн газар тийм их мөнгөтэй байгаа юм уу?

УИХ-ын гишүүн Г.Занданшатар:

-Нэмэгдэл зардал төсөв шаардахгүй. Санал асуулга явдаг журмаараа шийднэ. Хамгийн гол нь иргэдэд зөв мэдээлэл өгч, санал авах тухай асуудлыг тусгаж өгч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-50 хүнээс судалгаа авахын тулд тендер шалгаруулна гэж байх уу. Ингээд л биччихсэн байна шүү дээ. Хамаа замбараагүй юманд гарын үсэг зурахаа болиорой та нар.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ шүүмжлэх зүйл ч байна. Зөвлөлдөх санал асуулгыг анх удаа хийнэ гэвэл туршлага болох олон зүйл гарч ирэх байх. Хамгийн гол нь зөвлөлдөх асуудлаа маш сайн ярьж байгаад энгийн болгох хэрэгтэй. Миний бодлоор ард иргэдийн нийтийн ашиг сонирхолд нийцсэн асуудлаар санал асуух шаардлагатай.

УИХ-ын гишүүн Д.Гантулга:

-Г.Занданшатар гишүүн энэ хуулийн төсөл дээр маш их ажилласан. Эрх баригчид шөнө дөлөөр, баярын үеэр асуудал шийдчихдэг гэдэг шүүмжлэл байдаг. Тэгвэл энэ хууль батлагдсанаар олж хараагүй олон санаа гарч ирнэ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Хууль санаачлагч илүү ажиллаж байж оруулж ирэх ёстой байсан. Орж ирж байгаа хууль дутуу байна. Гэхдээ үзэл баримтлалыг нь дэмжсээр ирсэн. Өнгөрсөн 25 жилийн дотор үзэл баримтлалын хувьд нурсаар ирсэн. Яагаад гэвэл төлөөлнө гэж итгэж байсан хүмүүс нь төлөөлж чадахгүй байна. Тиймээс дараагийн 25 жилд Монголын төр ямар тогтолцоогоор явах вэ.  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь хоорондоо толхилцоод яваад байх юм уу. Тиймээс хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байна гэв. 

Т.НОМИН


ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Хуулийн зорилт нь нийтийн эрх зүйн хүрээнд энэ хуульд заасан асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж төрийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад оршиж байгаа аж. Зөвлөлдөх санал асуулгыг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилгоор зохион байгуулах юм байна. Түүнчлэн мөн бүлэгт зөвлөлдөх санал асуулгыг явуулах шийдвэр гаргах, зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах, иргэдээс санал авах, дүнг нэгтгэн зөвлөмж гаргах журмыг зааж, Зөвлөлдөх зөвлөл, түүний чиг үүрэг, ажиллах журам, зөвлөлдөх санал асуулгын санхүүжилттэй холбогдсон зохицуулалтыг тусгажээ.

Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд, эсхүл засаг захиргааны нэгжийн хэмжээнд зохион байгуулна.

Шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь зөвлөлдөх санал асуулга явуулах тухай шийдвэртээ тухайн зөвлөлдөх санал асуулгын сэдэв, хугацаа, хэлбэр болон холбогдох төсвийг зааж, энэ тухай олон нийтэд мэдээлэх үүрэгтэй байна.

Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг хөндлөнгийн, бие даасан, хараат бус мэргэжлийн байгууллага гүйцэтгэх бөгөөд зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай байна.

  • Нэг дэх шатанд иргэдэд тухайн зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авах бол хоёр дахь шатанд нэг дэх шатанд оролцсон иргэдийн 50-аас доошгүй хувиас саналыг нь урьд нь санал авсан санал асуулгын хуудсаар дахин авна.

  • Хоёр дахь шатанд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулж, уг уулзалтад оролцогчдод тухайн санал асуулгын сэдвээр олон талт мэдээлэл, тайлбар, танилцуулгыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд, хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээч нар өгнө.

Нэг дэх болон хоёр дахь шатны зөвлөлдөх санал асуулгын дүнг мэргэжлийн байгууллага нэгтгэн гаргаж, үр дүнгийн тайланг Зөвлөлдөх зөвлөлд танилцуулах ба Зөвлөлдөх зөвлөл хэлэлцээд гаргасан зөвлөмжийг шийдвэр гаргах эрх бүхий этгээд харгалзан үзэхээр төсөлд тусгажээ.

Зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдон гаргах зардлыг улс, орон нутгийн төсвөөс, түүнчлэн олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэг, хувь хүн, хуулийн этгээдийн хандиваар санхүүжүүлж болох ба хувь хүн, хуулийн этгээдийн хандивын хэмжээ нь тухайн зөвлөлдөх санал асуулгын нийт санхүүжилтийн 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчлахаар тусгасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж