Алт тушаалт 1,4 дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Алт тушаалт 1,4 дахин өсчээ

Монголбанк ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийж цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Сайн, муу мэдээ алагласан мэдээллийг алт тушаалтын хэмжээ өнгөрсөн оноос даруй өссөнөөр эхлүүлье. Монголбанк энэ сарын 26-ны өдрийн байдлаар нийт 1409 кг алтыг иргэд аж ахуйн нэгжээс худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 440,5 кг-аар буюу 1,4 дахин өссөн байна. Гэнэтийн ашгийн татварын 68 хувийн татварыг тэглэснээр Төв банкинд тушаах алтны хэмжээ өсөхөд голлон нөлөөлсөн байна.

Мөн хэвлэлийн бага хурлын үеэр Валют, эдийн засгийн газрын захирал Г.Дэлгэрмаа гадаад валютын нөөцийн хэмжээг танилцуулсан. Зургадугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2,5 тэрбум ам.доллар байжээ. Монголбанкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханш оны эхнээс 0,5 хувь чангарсан байна.

Төв банкныхан анх удаа Монгол Улсын гадаад өрийн тойм болон тайлан тэнцлийг олон нийтэд зарлах болсноо энэ үеэр дуулгасан. Өмнө нь дотоод хэрэгцээнд зориулан уг тайланг гаргадаг байсан хэдий ч олон нийтэд зориулан ил тод мэдээлж байгаагүй аж. Албан ёсны статистикт дурдсанаар оны эхний улирлын байдлаар Монгол Улсын гадаад актив 3,3 тэрбум ам.доллар байгаа бол гадаад пассив 9,7 тэрбум ам.доллар байна. Үүнээс гадаад өр 4,1 тэрбум ам.доллар байж, Засгийн газрын өр, хувийн хэвшлийн өр тэнцүү хэмжээтэй хувь эзэлжээ.

Засгийн газрын 30 орчим жилийн хугацаатай, зориулалт нь дэд бүтцийн салбарт зарцуулсан байдаг нь ирээдүйд эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах төдийгүй эргэн төлөлтөө бүрдүүлэх боломжтой гэж эдийн засагчид үзэж байна. Харин хувийн хэвшлийнхний толгой компаниасаа авсан өр 2-3 жилийн хугацаатай, төлөх хугацаа нь богинохон байгаа аж. Юутай ч Монгол Улсын өрийн хэмжээ зохистой харьцаандаа байгаа гэдгийг холбогдох албаныхан хэлсэн.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж