Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан хэрэгтэй холбоотойгоор байгуулагдсан ажлын хэсэг өчигдөр /2017.01.17/ хуралдсан. Энэхүү хурлын 19 дүгээр тогтоолоор баталсан “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээ”-ний тухай тогтоолоор 2017 оны нэгдүгээр сарын17-ны өдрийн 18.00 цагаас 2017.01.20-ны өдрийг дуусах хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргасан билээ.
Уг тогтоолын дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газраас хяналт шалгалт явуулахад 17-ны өдөр ямар нэгэн шинжилгээгүй архи согтууруулах ундааны зүйлийг гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаалсан гурван зөрчлийг илрүүлжээ.
Үүнд, Дархан-Уул аймгийн харьяат иргэн “+21” фэйсбүүкт “…архи зарна” гэсэн зарыг байршуулж, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо “Анкара” зочид буудлын гадна бусдад 12 ширхэг Смирнов архи, нэг ширхэг Скотт виски зарж байсныг илрүүлжээ. Мөн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт нэгэн иргэн 5073 УБП улсын дугаартай приус-20 маркын автомашинтай “Улаанбаатар”, “Чингис”, “Сархад”, “Соёрхол”, “Голд Чингис” нэртэй 18 шил архи, 2.5 литрийн “Сэнгүр” пиво 22 ширхэгийг зарж байжээ.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Хаанчлал” зочид буудлын захирал дөрвөн шил Соёрхол архи, 2.5 литрийн “Сэнгүр” пиво зарж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн Баянгол, Баянзүрх дүүрэг цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар тус тус шилжүүлэн өгчээ.
Мөн цагдаагийн албан хаагчид мэргэжлийн хяналтын улсын байцаагч нартай хамтран дүүргүүдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчлүүлдэг 4346 аж ахуй нэгж, 710 иргэнийг шалгаж байна.
Үүний 175 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 3949 аж ахуй нэгжид албан мэдэгдэл өгсөн байна. Мөн 1339 шил архи, 3945 шил шар айргийг битүүмжилж, 33 шил архи, 40 шил шар айраг, нэг шил дарсыг хураан авчээ.
Уг шалгалтын үеэр тусгай зөвшөөрөлгүй таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулж байсан нэг иргэн, нэг аж ахуй нэгж бусад хоёр зөрчлийг илрүүлэн, материалжуулан шалгаж байгаа аж.
А.СҮРЭН