Аялал жуулчлал бидний ирээдүй мөн үү?

Хуучирсан мэдээ: 2017.01.18-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлал бидний ирээдүй мөн үү?

Хайлаар бол Өвөр Монголын Хөлөнбуйр дахь хамгийн том хот юм. Хөлөнбуйр нь Хятад дахь цэвэр онгон төрхөө хадгалж үлдсэн цөөхөн газрын нэг билээ.

Хятадын аялал жуучлалын компианууд Чингисийн Монгол, онгон тал хээрийг үзье гэвэл Хөлөнбуйр, Хайлаар, Манжуурт ирээрэй гэж реклам сурталчилгаагаа хийдэг болжээ. Үүнийг нь Хятадын засгийн газар дэмжин том том цогцолборууд болон зочид буудлууд ихээр нь барьж байгуулж байна. Үүний нэг жишээ бол Европ стандартын шинэ тосгон “Рашаант” юм. Рашаант нь манай Монголын хилээс ердөө 30 км, гэхдээ хаана ирчихвээ гэмээр сайхан хот тосгон болжээ.

Бүх барилга байшингаа хөгшин европ стиль имиджээр бүтээн босгосон нь энд ирсэн хүн төрөл арилжина гэдэг шиг Хятадад байгаагаа мартахаар тийм сайхан бүтээн байгуулалт болж улмаар Рашаант жилдээ 3-6 сая, Хөлөнбуйр 30-40 сая орон нутгийн жуулчин авч хэдийнээ их хэмжээний ашиг орлогоо олсон байна. Эдгээр жуулчдын ихээхэн хэсэг жинхэнэ Монголруу жуулчлахыг хүсдэгийг үгүйсгэх аргагүй. Монголчууд ч гэсэн Хөлөн буйр, Манжуур, Хайлаараар аялдаг болж, аялал жуулчлал, бизнес, оюутнууд ч ихээрээ Хайлаарын их сургуульд сурдаг болжээ.

Хөлө­н буйр бол Орос, Хятад, Монгол 3 улсын хилийн зааг стратегийн чухал ач холбогдолтой газар гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тийм ч учраас Монгол улсын Засгийн газар стратегийн бодлогоор тэндэх үйл ажиллагааг улам өргөжүүлж, аялал жуулчлал бизнесийн эрх зүйн орчиноо нарийвчлан судалж, үйл ажиллагаагаа тэлж олон олон төсөл санаачлагыг гарган идэвхтэй ажиллах нь эдийн засгийн энэ хүндрэлтэй үед бага ч гэсэн нэмэр болох болов уу.

Монгол улс аялал жуулчлал хөгжүүлнэ гээд сүүлийн хэдэн жил ярьж байна. Хаанаас жуулчин авах гээд байгаа юм бэ? яаж? Монголд хэн ирэх вэ хэн жуулчлах вэ гээд судалгаа гаргасан юм уу? тийм тооцоо тайлан байдаг юм уу?

Монголчууд бид юу бодоод, юу санаад, жуулчдыг татах ямар гадаад бодлого гаргасан юм бэ? Бид дэлхийтэйгээ хөл нийлүүлэн алхаж байж дэлхийн чиг хандлага аливаа зах зээлээ харж бодлогоо тодорхойлох ёстой биш үү. Хэн нэгэн улс төрч дарга гарч ирээд өөртөө ашигтай, өөрийнхөө сааль сав, сонгуульд зарсан мөнгөө олох гэж л явдаг бодлоготой болсон юм уу! Хэн нэгнийхээ хийсэн ажлыг баллаж үгүйсгэж нураах шиг амархан зүйл байхгүй ээ. Эсрэгээрээ юмыг босгох, бүтээн байгууллаж хийх гэдэг хамгийн хэцүү.

Аялал жуулчлалын салбарт дэлхий өнөөдөр Хятадыг л харж байна. Дэлхийн том брэндүүд мөн адил Хятадыг л харж, Хятад хүнд зориулж LV, Chanel, Boss, Armani гэх мэт бүх брэндүүд загваруудаа хийж, Хятадад салбараа нээж, Хятад жуулчинд юмаа зарснаараа ямарч хямралтай үед эдийн засгийн өсөлттэй гарч байна. Жишээ нь, Хятад жуулчинг татах гэж Япон визний хөнгөлөлт, урамшуулал өгч тэр ч бүү хэл хятад хүнд зориулсан хятад хэлээр орчуулсан гарын авлага өгч байна. Ингэснээр тэд хамгийн их жуулчинг Хятадаас босгож чадлаа.

Өмнөд Солонгос Хятад хүнд визний хөнгөлөлт өгөхөөр болчихлоо. Манай алтан Москвагийн улаан талбай Хятад жуулчдаар дүүрэн байна. Европын Парис, Лондон, Берлин гэх мэт онгоцны буудалууд нөгөө л Хятад, за тэгээд Америк, Австрали, Азийн улс орнуудтай бол ярих ч хэрэггүй биз дээ. Бид ийм байхад яагаад үүнийг анзаарахгүй байгаа юм бэ?

Бидний зах зээл хажууд минь байгаа юм биш үү? Яг үнэнийг хэлэхэд манайх руу нөгөө Хятад чинь хар мянгаараа ирээд хамаг юмыг нь булаагаад авчих уу? Монголд ирээд буцахаа больчих юм болов уу? Монголруу явах виз гаргах бараг Америк явахаас хэцүү. Элчин сайдуудын яам, консулын газар хүнд суртал их, визний хураамж өндөр, олон хоног жуулчлахад заавал урилга нэхнэ. Тэгээд ирээд үйлчилгээ сервис бүгд муу, хилийн албанаасаа эхлээд хятад гэхээр л шар ус нь босдог. Уг нь жуулчинг олноор нь авчирах гээд байдаг. Эсвэл монгол хүнд хятад хүн жуулчин биш нэг муу хужаа байх. Уг нь тэр хятад чинь жуулчлаад тээвэр, буудал, хоол, сувинэр, ноос ноолуур гээд мөнгөө үрэх гээд байгаа юм. Тэр нь эргээд манай миат, төмөр зам, авто зам, буудал, дэлгүүр гэх мэт бүхий л үйлчилгээний газарт мөнгө орж ирэх гээд байдаг.

Тэгээд ч хятад хүн эдийн засаг нь сайжраад мөнгөтэй болоод байгааг дэлхий бүгдээрээ мэдэж байхад бидний хэдэн монголчууд буруу бодлого гаргаад байгаа юм биш үү!

Тэр хятад хүн Монголын зах зээлийг хараад, утаагаар нь амьсгалаад, бизнес хийж энд удаан тэсэх болов уу! Байгаа байгаа нөгөө хэдэн хар ажилчид тэдэнд бол гоё муухай хэрэггүй тэд виз авахгүй хараар ажилладаг байх. Гэхдээ ажилчин уу? жуулчин уу? гэдгийг мэдэж болдог юм. Бид эсрэгээрээ жуулчны виз хураамжаа бууруулж, хөнгөлөлтүүдийг бий болгож, аль болох элчин сайдын яам, консулын газрын үйл ажиллагааг сайжруулж, шинээр нэмж, хэдэн жуулчин татсан гэдгээр нь ажлыг нь дүгнэж аль болох олон жуулчин татах заавар зөвлөгөө өгөн ажиллах нь зөв юм болов уу.

Зөв бодлого, маркетинг хийвэл зундаа Хайлаар, Манжуур, Хөлөн буйрын жуулчидаас 10%-ыг ч болов эх орондоо татах боломж бидэнд байна.

Жуулчингаа дагаад дэд бүтэц, хөгжил, бизнес мөн хамгийн ихээр ард иргэдийн амьдрал дээшлэх нь бидэнд л хэрэгтэй юм даа.

Б.БАЯРТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж