Ирэх долоо хоногоос дулаарна

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногоос дулаарна

ЗАВХАН АЙМГИЙН БАЯНТЭС СУМАНД -45 ГРАДУС ХҮРЧ ХҮЙТЭРЛЭЭ

Ойрын өдрүүдэд буюу энэ долоо хоногийн эхний өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч, салхитай, цастай байлаа.

Өчигдөр /2017.01.18/ гэхэд Өмнөговь аймгийн ихэнх нутаг, Баянхонгор аймгийн нутгийн баруун, Өвөрхангай, Дорноговь аймгийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод аймгийн Дашбалбар, Халхгол сум орчмоор 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурчээ.

Үүний улмаас цасан бүрхүүл багатай байсан Өвөрхангай, Дорноговь аймгийн нутгийн өмнөд, Өмнөговь аймгийн нутгаар цасан бүрхүүлийн зузаан 1-3 см-ээр нэмэгдсэн байна.

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 1-14 градусаар хүйтэрч, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  40-45 хэм хүйтэн хоножээ.

Завхан аймгийн Баянтэс суманд хамгийн хүйтэн буюу -45  хэмийг заасан бол Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө 31-40 хэм хүйтэн байжээ.


ГОВИЙН НУТГААР ӨДӨРТӨӨ 0-5 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА

Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээллээс харахад ирэх ням гариг буюу нэгдүгээр сарын 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байна.

Нэгдүгээр сарын 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхи секундэд 12-14 метр хүрч ширүүсэх ч маргаашнаас нь нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарах төлөв ажиглагджээ.

Нэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 33-38 хэм, өдөртөө 21-26 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа,  Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм байх аж.

Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Харин ирэх өдрүүдэд говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 7-12 хэм хүйтэн байх ажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж