Агаарын бохирдлыг бууруулахад дорвитой арга хэмжээ авахыг шаардсан жагсаал энэ сарын 28-ны бямба гаригт Сүхбаатарын талбайд дахин болох гэж байна. Энэ удаад өмнөхийг бодвол илүү өргөн хүрээг хамарна гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Ялангуяа урлаг соёл, телевизийнхэн дэмжиж, ая дуугаа өргөж, хөтлөхөөр болжээ. Тухайлбал, жагсаалыг МН25 телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүү хөтлөх юм байна. Мөн “Лемонс”, “Mr Dogs”, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун, жазз дуучин Ц.Хулан, Ардын жүжигчин А.Долгор зэрэг уран бүтээлчид оролцохоо мэдэгджээ.
Б.Батчулуун, Б.Чинбат нар утааны тухай дуу гаргаж клип хийхээр төлөвлөж байжээ. Энэ ажлаа эрчимжүүлж энэ сарын 28-нд болох жагсаал дээр дууныхаа нээлтийг хийхээр болжээ. Мөн DJ Үүрээ тэргүүтэй “Монгол Микс Прожект” компанийн хамт олон утааныы эсрэг жагсаалд нэгдэж үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллах юм.
Мөн НҮБ-с Агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон дуучин Д.Болд болон 3Камертон3 хамтлагийг жагсаалд нэгдэж ая дуугаа өргөх, үзэл бодлоо илэрхийлэхийг урьсан хэмээн зохион байгуулагч Ц.Пүрэвхүү мэдээллээ.
Хэдийгээр жагсаал дээр дуулахгүй ч, жагсаалд оролцож утааны эсрэг хөдөлгөөнийг дэмжиж буйгаа Зууны манлай дуучин Б.Сарантуяа, Нара, жүжигчин Бооёо нар илэрхийлжээ.
Нэгдүгээр сарын 28-ны хагас сайн буюу амралтын өдөр 12.00 цагаас Сүхбаатарын талбайд утааны эсрэг “БООЖ ҮХЛЭЭ” жагсаал болох юм. Жагсаалд байгууллага, компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноо зохион байгуулан олноор оролцохыг “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас уриаллаа.
Б.ЗАЯА