Трамп Гитлер шиг аюул дагуулах уу?

Хуучирсан мэдээ: 2017.01.18-нд нийтлэгдсэн

Трамп Гитлер шиг аюул дагуулах уу?

Монгол Улс, АНУ-тай 1987 оны нэгдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон байдаг. Энэ жил тохиож буй 30 жилийн ойн өдрийг угтаж өнөөдөр /2017.01.18/ АНУ-ын Зүүн хойд Ази дахь бодлого ба Монгол-Америкийн харилцаа сэдэвт залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Монгол-Америкийн нийгэмлэг, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн, Улаанбаатар бодлогын судалгааны төвөөс хамтран зохион байгуулсан хурлыг Монгол-Америкийн нийгэмлэгийн тэргүүн, Элчин сайд асан Р.Болд даргалан явуулсан юм.

Элчин сайд асан Р.Болд

Хурлын үдээс өмнөх хуралдаан “АНУ-ын Зүүн хойд Ази дахь бодлого” сэдвийн хүрээнд өрнөж, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн ухааны сургуулийн судлаач Б.Болдоо “АНУ-ын гадаад бодлого: Өөрчлөлт, хэтийн төлөв”, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Шинэчимэг “АНУ-БНХАУ-ын улс төрийн харилцааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв” сэдвээр, мөн ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан А.Нямдолжин “Орчин үеийн Орос-Америкийн харилцаа: Хязгаарлагдмал түншлэл” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм.

ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн захирал, доктор профессор Ж.Баясах

Дараа нь, бага хуралд оролцож буй эрдэмтэн судлаач, дипломатч, зочид илтгэлүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ үеэр ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн захирал, доктор профессор Ж.Баясах бага хурлыг зохион байгуулж буй нь чухал ач холбогдолтой болохыг хэлээд, Крымын хойгийн асуудлын дараагаас ОХУ болон Хятадын харилцаа ойртсон нь Монгол Улсад сайнаар нөлөөлсөн гэж үзэж буйгаа тэмдэглэв. Зүүн хойд Ази дахь АНУ-ын бодлогын тухайд тэр “Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд ОХУ баярлаж, Хятад гомдож байгаа” гэж дүгнэв.

Элчин сайд асан Ч.Баатар

Мөн бага хуралд оролцож буй Элчин сайд асан Ч.Баатар “Доналд Трампын засаглал орчлон дэлхийд нөлөөлөхүйц олон үр дагавар гаргах болно” гээд, АНУ-д өрнөж буй төрийн эрх шилжих үйл явцыг “Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг тугаа болгож ирсэн АНУ-ын бодлого дуусгавар болж, Трампын эрин эхэлж байна” гэлээ. Тэрбээр мөн “Өнгөрсөн 70 жил АНУ-ын хувьд үзэл санааны, үзэл суртлын тэмцлийн жил байсан гэж болно. Энэ хугацаанд Зөвлөлтийн социалист үзэл санаа нуран унаж, энэ үзэл санааг дэмжиж ирсэн Хятад улс ч зугуухнаар өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлээд байна. АНУ-ын энэ бодлого Барак Обаматай хамт төгсч байна. Харин Доналд Трампын гол туг нь “хувиа хичээ, довоо шарлуул” гэх үзэл санаа байх болно. Үүд хаалгаа, ялангуяа лалын шашинтнууд, цагаачдад үүд хаалгаа хааж байна. НҮБ, НАТО зэрэг олон улсын институтүүдийг нураан бусниулахад бэлэн. Трамп дэлхийн асуудлыг дэлхийн хэмжээнд харж чадахгүй, зоосны нүхээр, зөвхөн бизнесийн схемээр хардаг, зөвхөн өөрт ашигтай байх тийм арга замаар дэлхий нийтэд хандана. АНУ-ын зүгээс дэлхий нийтэд ихээхэн хор уршиг дагуулж мэдэх тийм бодлого эхлэх нь үү гэж харж байна. Трампын эрин гэдэг хар шөнө хэр удаан үргэлжлэх вэ гэдэг хүлээлт дэлхий нийтэд байна. Трамп Гитлер шиг аюул занал дагуулах уу гэдэг асуудал тулгарч байна. Тиймээс Монголын залуу эрдэмтэд АНУ-ын шинэ бодлого Монголд хэрхэн нөлөөлөх, Монгол Улс ямар бодлого хэрэгжүүлэх тал дээр нарийн судалгаа, шинжилгээ хийх хэрэгтэй” гэв.

Эрдэм шинжилгээний бага хурлын үдээс хойшхи хуралдаан “Монгол-Америкийн харилцаа” сэдвээр үргэлжлэв.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж