Цагдаагийн ерөнхий газраас 2016 оны гэмт хэргийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2017.01.18/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Өнгөрсөн онд иргэд авто зам дээр амь насаа алдсан хэрэг 13.8 хувь, гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг 9.8 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн тун удахгүй Цагаан сарын баярын өдрүүд болох гэж байгаатай холбогдуулан онцгойлон арга хэмжээ авч ажиллах хэд хэдэн ажлаас танилцууллаа. Замын цагдаагийн албаны олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Цагаан сарын баярын өдрүүдээр орон нутгийн зам ачаалалтай болдог. Тиймээс орон нутгийн замуудад хөдөлгөөнт эргүүлүүдийг ажиллуулж байгаа. Хоёрдугаарт, орон нутгийн замуудад явуулын камеруудыг олноор байршуулж байна. Тиймээс цагдаа, гэрлэн дохиогүй замд замын хөдөлгөөний дүрэм зөрчих байдал гаргахгүй байхыг сануулж байна” гэсэн юм.
Мөн баярын өдрүүдээр худалдааны томоохон төвүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Энэхүү замын ачаалал нь автомашины зориулалтын авто зогсоолгүйгээс болдог. Тиймээс худалдааны төвүүдэд авто зогсоол түрээслэгчдэдээ бус үйлчлүүлэгчдэдээ зориулж ашиглуулах захирамжийг хүргүүлж байгаа ажээ. Баярын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг автомашины дугаарын хязгаарлалтаар болон замын урсгал, чиглэлийг өөрчилж бууруулах арга хэмжээг авч ажиллах юм байна.
Сар шинийн баярын амралтын өдрөөр орон байр, албан байгууллагаа эзэнгүй орхисноос хулгайн гэмт хэрэгт өртөхөөс эрсдэл нэмэгддэг. Тиймээс байр орцоо давхар хаалга, цоожтой болгож, удаан хугацаагаар гэрээ орхин явахгүй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг албаныхан сануулж байв.
А.СҮРЭН