Орон нутгийн ИТХ давхар дээлтэй болох уу?

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

Орон нутгийн ИТХ давхар дээлтэй болох уу?

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.  

Хуулийн төслийг хэлэлцэх явцад сумын ИТХ-ын гуравны нэг нь төрийн албан хаагч байхыг дэмжиж байна. Харин дүүргийн ИТХ-ын гуравны нэг нь төрийн албан хаагч байхыг дэмжихгүй гэдэг байр суурийг зарим гишүүн илэрхийлж байлаа. Ингээд хуулийн төслөөр гишүүдийн асуулт, хариултыг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Хуулийн төслийг хэлбэр талаас нь харах юм бол дэмжих ёстой харагдаад байна. Суманд төрийн албан хаагчид ИТХ-д байж болохгүй болохоор мэргэжлийн бус хүмүүс орж ирчихээд ажлаа мэдэхгүй байдаг тал бий. Сонгогдсон төлөөлөгчийн гуравны нэг нь төрийн албан хаагч байна гэдэг заалт оруулжээ. Яг гуравны нэг байна гэдгийг яаж мэдэх вэ? Хэдэн жилийн дараа төрийн албаар дүүрэн улс төрийн намынхан болчих вий.   

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Оруулж ирж байгаа хууль бол төрийн албаны мерит зарчмыг хэрэгжүүлнэ гэсэн амлалтаас маш том ухарсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Хуулийн төслийг нарийвчлан харвал хөдөө орон нутгийн төрийн албан хаагчдаа давхар дээлтэй болгох гэж байна гэж харагдаад байна. Сумдад төрийн албан хаагч сонгуульд өрсөлдөхгүй болчихоор чадавхгүй байна гэдэг шүүмжлэл байдаг.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Орон нутгийн сонгууль дуусаад цөөхөн хэдэн сар болж байна. Зөвхөн нэг заалт өөрчлөхийн тулд нуулийн төсөл оруулж ирж байгаа нь учир дутагдалтай санагдаж байна. ИТХ-ын зарим хэсэг нь давхар дээл өмсөнө, зарим нь ажил хийж болохгүй гээд хуульчилж байгаа мэт харагдаж байна. Улс төрийн нам өөрөө төрийн албан хаагчийг нэр дэвшүүлээд тэд ялалт байгуулаад гараад ирвэл яах вэ. Мөн ялалт байгуулсан төрийн албан хаагчийн хэнийг нь ямар шалгуураар ажилд авах юм бэ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат:

-Төрийн албан хаагч ИТХ-д нэр дэвшинэ гэж яригдаад байх юм. Нэг ч төрийн албан хаагч сонгуульд өрсөлдөхгүй. Харин сонгогдсон хүмүүсийн гуравны нэгийг төрийн албанд оруулна гэсэн утгатай юм. Хуулийн төслийн агуулгаа сайн унших хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ганцхан энэ заалтаар биш бүхэлд нь өөрчлөх асуудлыг судлаад явж байгаа. Хоёрдугаарт, сум дүүргийн хүн амын тоо харилцан адилгүй байдаг. Тиймээс нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулаад боловсруулах шаардлагатай.

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж