АН-ын дарга АН-ын асуудал биш

Хуучирсан мэдээ: 2017.01.18-нд нийтлэгдсэн

АН-ын дарга АН-ын асуудал биш

Өнөөдрөөс аравхан хоногийн дараа Ардчилсан нам хуучин даргаа шинээр солино. Бэлгэшээлээ бодож нар ургах зүгээс буюу Хэнтий аймгаас сурталчилгаагаа эхлүүлсэн таван нэр дэвшигчийн сунгаа санал хураах өдөр ойртохын хэрээр улам зугаатай бас улам увайгүй болж байна.

Намын дотоод сонгууль гэхэд УИХ-ын сонгуулиас дутахгүй “алаантай”, хар “пи ар” нь давамгайлсан энэ сунгааг харахад наанаа нэг намын даргыг тодруулах улс төрийн үйл явц мэт харагдавч, цаанаа ирээдүйд хэн энэ улсын “эзэн” суух вэ гэсэн том зодоон явагдаж байна. Хэрэвзээ Ардчилсан нам 2020 онд УИХ-д олонх боллоо гэхэд, ялсан нь өнөөдөртөө намын дарга төдийгүй алсдаа Ерөнхий сайдын эрх мэдэлд хүрнэ гэсэн үг.

Иймээс л Л.Гантөмөрийгөө мүүнчин болгож , Н.Алтанхуяг авлигачнаар нь дуудаж, С.Эрдэнийн хүн алсан гэх баримтыг дэлгэж, Д.Эрдэнэбатыгаа хятад нэр зүүлгэж, Ж.Батзандангаа МАН-ын “тагнуул”-аар хардаж буй хэрэг. Гэвч энэ чинь л Ардчилсан намын ганц том алдаа шүү дээ. Алдаагаа ухамсарлаад байх хэр нь ээ, ажил хэрэг болгож чаддаггүй нь ерөөсөө л Ардчилсан намын мөн чанар, араншин гэж хэлэхэд буруудахгүй биз. Хэдийгээр Ардчилсан намын хуучин дарга З.Энхболд “МАН-ынхан манай намын хэргээс холуур бай” гэж зөвлөсөн ч тус намын сунгаа сөрөг хүчний төдийгүй, улс төрийн хүрээнийхний анхаарлыг татах ганц сэдэв болсон. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам шинэ даргаа сонгох нь уу, шинэ ирээдүйгээ сонгох уу гэдэг Монгол ардын намд ч сонирхолтой байгаа нь лав. Хэрэвзээ шинэ даргаа сонговол МАН-д ашигтай, харин шинэ ирээдүйгээ сонговол Ардчилсан намд хэрэгтэй.

АН-ЫН СОНГУУЛЬ БА ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

Монголд бүртгэлтэй намын тоо бараг 30 дөхөж байгаа болов уу. Гэвч ХҮН-аас эхлээд сураг нь алдарсан намууд Л.Гүндалайгийн “Ард түмнээ хайрлая”-гаар үргэлжилж, саяхан нэр бүхий хүмүүс “Зон олны нам” байгуулах гээд бүтэлгүйтсэн мэдээ ч хэвлэлээр цацагдсан. Харин эдгээрээс Монголын улс төрд голлох үүрэгтэй оролцдог хоёр том намын нэг нь Ардчилсан нам. Харамсалтай нь, УИХ-ын сонгуулиар эрх мэдлээ алдсан тэд өнөөдөр бүгд “гудамжинд” гарцгаасан.

Хэрэвзээ Монголын улс төрийн нэг багана нь Ардчилсан нам гэвэл, тус намын шинэчлэл Монголын улс төрийн шинэчлэл байх учиртай.

Энэ өнцөгөөс нь харвал, Ардчилсан намын шинэ даргыг тодруулах явцтай зэрэгцээд шинэ Үндсэн хуулийг өөрчлөх асуудал улс төрийн хүрээнд хүчтэй өдөлж эхэлсэн тохиолдол гэж хэлэхэд бас хэцүү. Засаглалын хямрал, гүйцэтгэх засаглалын сул дорой байдлыг Үндсэн хуультай холбон тайлбарлаж, эцэг хуулийг шинэчлэх нь Монголын хөгжилд хэрэгтэй гэсэн “сурталчилгаа”-г өнөөдөр Ардчилсан намынхны зүгээс илүүтэй хэлж буй.

Шинээр яригдаж буй Үндсэн хуулийн хүрээнд парламентын засаглалыг сонгодог тогтолцоо руу шилжүүлж, Гүйцэтгэх засаглалд том эрх мэдэл олгохыг МАН-ын хуульчид ч, Ардчилсан намын улстөрчид ч дэмжих болсон нь үнэн. Чухам иймээс л ямар ч эрх мэдэлгүй үлдсэн Ардчилсан намын даргын сунгаа УИХ-ын сонгуулиас дутахгүй ширүүн болж буйн цаад шалтгаан нь энэ ч байж магадгүй гэсэн хардлага төрж байгаа юм. Хэрэв Үндсэн хуульд үнэмлэхүй олонх өөрчлөлт оруулах юм бол, хэрэв Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайдад том эрх мэдэл олговол, хэрэв Ардчилсан нам 2020 онд ялалт байгуулбал хэн асар том эрх мэдэл хүрэх вэ гэсэн наанаа намын даргын цаанаа Монголын Гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлын төлөөх л тэмцэл явагдаж байгааг ч үгүйсгэх аргагүй. Тэгвэл энэ нь зөвхөн намын даргаа тодруулах нэг намын асуудал биш Монголын төрийн асуудал болж хувирах юм. Чухам иймээс л Ардчилсан намаас арилж өгдөгүй өнөөх л фракцийн зовлон намын даргын сунгаанд хүртэл нөлөөлж байна.

ГИШҮҮД БА ДЭМЖИГЧДИЙН АЛЬ НЬ ВЭ?

Ардчилсан намын даргын төлөө 176 мянган хүн саналаа өгөх эрхтэй болсон. Гэхдээ энэ тоо яг бодит уу, хэд нь халамжийн тэтгэвэр авагчид, хэд нь мөнгөнд худалдагдсан хүмүүс вэ гэдгийг өнөөдөр хэлэхэд хэцүү. Мэдээж, жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг жамаар таван нэр дэвшигч бүгд л Ардчилсан намын даргаар сонгогдох боломжгүй шүү дээ.

Ардчилсан намд хэрэвзээ бодлогын том шинэчлэл хийгдэхгүйгээр намын даргын сонгууль нь мөнгөний болж хувирах юм бол энэ намд ирээдүй гэж байхгүй болно. Хэдийгээр намынх нь гишүүн бус ч итгэл үнэмшлээрээр ардчиллыг, Ардчилсан намыг дэмждэг хэн хүнд утгагүй санагдана. Тиймээс Ардчилсан намын нийт гишүүдийн оролцоотойгоор сонгох намын даргын сонгууль нийт дэмжигчдээ алдахад хүргэх вий гэсэн болгоомжлол бас байна. Яагаад гэж үү? Учир нь Ардчилсан намын шинэчилсэн бүртгэл хамрагдсан 176 мянган хүний хэд нь жинхэнээсээ энэ намын үзэл бодол, үзэл баримтлалыг дэмждэг вэ гэвэл сонирхолтой тоо гарч болзошгүй.

Эцэст нь:

Ардчилсан намын энэ сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж байгаагаараа онцлогтой. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд орох Ардчилсан намын нэг тандалт ч байж болох талтай. Гэвч, энэ бүхнээс чухал нь цаашдаа Ардчилсан намын хувьд улс төрийн нэг институци болж төлөвших үү эсвэл мөнгөтэй хүмүүсийн хувийн компани болж хувирах уу гэсэн хувь заяаны сорилтын  өмнө байна. Зөвхөн намын даргаа биш ирээдүйгээ сонгох сонгууль энэ намд ид өрнөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж