Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажиллагсдыг хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл, ажлын чанартай тусгай хувцас, гутлаар хангах асуудал нь ХАБЭАБОХХ-ийн үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл юм. Энэ сарын 11-ний өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн хамт олны төлөөлөгчдийн “Нэн түрүүнд-Хөдөлмөрийн аюулгүй байдал 2017” бага хурал хуралдаж, хэд хэдэн чухал шийдвэрийг гаргасан.
Эдгээрийн нэг нь компанийн ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцас, гутлыг дотоодоос худалдан авах, өөрөөр хэлбэл дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлийг түлхүү баримтлана гэсэн шийдвэр юм.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгаалах хэрэгслийг дотоодын болон гадаадын шилдэг үйлдвэрлэгч компаниудаас сонголттойгоор шууд худалдан авах журмаар үр ашиггүй зардлыг бууруулах үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус хэлтсээс гарган ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар, ХАБЭАБОХХ-ийнхэн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай гутал хувцасаар хангах нэгдсэн захиалгыг гаргахын зэрэгцээ Эрдсүлж компанитай хамтран үйлдвэрийн ажилчдын биеийн харьцааны мэдээллийг шинэчлэх, ажлын онцлогт нь тохируулан тусгай хувцас хийх, ажлын байранд ажилчидтай уулзаж, санал хүсэлтийг авч нэгтгэх ажлыг зохион байгуулж байна. Мөн шинээр ажилд орж байгаа болон бусад ажилчдын хувийн мэдээллийг шинэчлэх программ хангамжийн төлөвлөлтийг хийж байгааг албаны хүн мэдээллээ.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN