Уулзалтын үеэр цаазаар авах ялтай холбоотой асуудал мөн хөндөгдөв. Олон Улсын Эрүүгийн шүүхээс цаазаар авах ял оногдуулдаггүй бөгөөд 20-30 жилийн хорих ял оногдуулдаг тухай ноён Сан Хюун Сон хэлсэн юм. Харин Ерөнхий шүүгч Ц.Зориг “Манай улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг халах санаачилга гаргасан. Энэ тухай хууль боловсрогдон УИХ-д өргөн баригдаад байгаа. Одоогоор ийм төрлийн ял хуульд байгаа болохоор хэргийн хүнд хөнгөнөөс шалтгаалж шүүх энэ ялыг зарим тохиолдолд оногдуулж байна. Гэхдээ цаазаар авах ял оногдуулах тоо харьцангуй багассан” хэмээн мэдэгдэв. Ерөнхий шүүгч Ц.Зориг Ерөнхийлөгч Сан Хюун Сонд Олон Улсын Эрүүгийн шүүхэд шүүгчээр монгол хүнийг ажиллуулах тухай санал солилцсон. Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч Сан Хюун Сон айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой мөн уулзах юм байна.
ОУ-ын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч айлчилж байна
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригийн урилгаар Олон Улс /ОУ/-ын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, ноён Сан Хюун Сон манай улсад энэ сарын 27-30-ны өдрүүдэд анх удаа айлчлал хийж байна. Дэлхийн 116 улс Олон Улсын Эрүүгийн шүүхийн гишүүн орноор бүртгэгдсэн байдаг аж. ОУ-ын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлдөгчийг өнөөдөр Ц.Зориг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах, үндэсний хууль тогтоомжоо Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нийцүүлэн өөрчлөх, олныг хамарсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэдэг талаар туршлага судлах, энэ чиглэлээр хүн сургах зэрэг асуудлуудыг хөндөж санал солилцлоо. Олон Улсын Эрүүгийн шүүх нь дайны эсрэг, түрэмгийллийн эсрэг, хүчирхийллийн эсрэг, бүлгээр устгах гэсэн дөрвөн төрлийн гэмт хэргийг шийдвэрлэдэг юм байна. “Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүхээс өмнөх шатны үйл ажиллагаа явуулах хэлтэс 23 хүнтэй холбоотой баривчлах захирамж гаргаад байгаагийн найм нь гүйцэтгэхгүй хүлээгдээд байгаа бөгөөд үүнд Суданы Ерөнхийлөгч Аль Башир, Ливийн Ерөнхийлөгч Каддафи нартай холбоотой асуудал багтаж байгаа” гэж ноён Сан Хюун Сон хэлж байсан.