Сошиал ертөнцөөр 74 настай эмээг лифть хүлээж байхад нь цүнхийг нь дээрэмдсэн бичлэг одоогоос жилийн өмнө гарч байсан билээ. Энэ хэргийг Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар үйлдсэн юм. Гэмт этгээдүүд урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны нэгдүгээр сарын 7-ны орой 22.00 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах 24 дүгээр байрны орцонд 74 настай иргэн Ц-ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Этгээд дээрэмчдийг цагдаагийнхан шуурхай ажиллан баривчилсан бөгөөд шүүхэд шилжиж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Л.Амаржаргалд 6 жил, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт тус бүр 5 жил 1 cap хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Хэрэгтнүүд авж заалдсан бөгөөд өнөөдөр /2017 оны нэгдүгээр сарын 18/ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Л.ХАЛИУ