Я.Содбаатар: Гурван үндэслэлээр хуулийг буцаалаа

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

Я.Содбаатар: Гурван үндэслэлээр хуулийг буцаалаа

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2017.01.18/ хуралдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаах шийдвэр гаргасан юм. Энэ асуудалтай холбогдуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, мөн дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан, мөн буцаахаас аргагүйд хүрсэн талаар бүлгийн дэд дарга Я.Содбаатар дараах тайлбар хийлээ.

2016 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль зохион байгуулагдаж дууссаны дараа Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулж байгаа нь эрх зүйн талаасаа ч, зохион байгуулалт  талаасаа ч олон хүндрэл дагуулж байна. Өнгөрсөн онд зохион байгуулсан сонгуулийн хүрээнд хуулийн нэлээд өөрчлөлт хийх шаардлагатай байна гэсэн тайлбар үндэслэлийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн. Үүний дагуу УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд хамтарч Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн.

Хэлэлцүүлгийн шатанд олон нийт, улс төрийн нам, хэвлэлийн байгууллагуудаас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Сонгуулийн нэгдсэн хуулиас тусад нь хэлэлцэж байгаад шүүмжлэлтэй хандсан.

Ийм учраас бүлэг энэ асуудлыг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8, 22.5-ыг үндэслэн, гурван үндэслэлээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн шийдвэр гарган саналаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж байна.

Үүнд: Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь салгаад хэлэлцээд явахаар батлах үед Сонгуулийн нэгдсэн хуульд заасан нийт 189 заалт хүчингүй болгох шаардлага гарлаа.

Хоёрт, МАН улс орны нийтлэг эрх ашгийн асуудалд үндэсний зөвшилцлийг эрхэмлэж ажилладаг улс төрийн хүчин. УИХ дахь 65 суудлынхаа тоонд дулдуйдахаас илүү парламентын зөвшилцөл, ойлголцлыг хадгалах сонирхолтой байгаа. Ийм учраас иргэд, сонгогчооос ирүүлж байгаа саналыг үндэслэн, мөн парламентын гишүүдээс энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор 149 зарчмын зөрүүтэй санал гарсан нь энэ хуулиар нэгдсэн ойлголцолд хүрээгүй байна гэж бид ойлголоо. Тийм учраас энэ хуулийн хэлэлцүүлгийг цаашид явуулах боломжгүй гэж үзсэн.

Гуравт, цаг хугацааны хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээр сарын 20-н болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хуульд заасан хугацаа хэтэрсэн. Нэг ёсны сонгууль товлон зарлах зэргээс эхлээд хуулийн хугацаа  хэтэрсэн. Үүнээс болж, ажлын хэсэг дээр хуулийн хугацааг өөрчлөх шаардлага тулгарсан. Энэ үед УИХ дахь намын бүлэг хуулийн төслөөр завсарлага авсан. Хуулийн хэлэлцүүлгийн хугацаа сунжирсан. Тийм учраас өмнөх хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах боломжтой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзлээ гэсэн юм.


Дээрх тайлбарыг хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдээс 140 гаруй зарчмын зөрүүтэй санал гарсан гэлээ. Эдгээр санал дотор анхаарал татсан, буцаах үндэслэл болсон ямар заалт орсон юм бэ. Ер нь цаашдаа бүх шатны сонгуулийг тус бүрт нь өөр өөр хуулиар зохион байгуулах асуудлыг оруулж ирэх үү яах вэ?

Я.Содбаатар: Зарчмын зөрүүтэй санал дотор ямар нэгэн улс төрийн агуулгатай томоохон өөрчлөлт орж ирээгүй. Гэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хууль нь бүх шатны сонгуулийн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байна гэж үзэж байгаа. МАН төдийгүй Сонгуулийн ерөнхий хороо ингэж дүгнэсэн. Тийм учраас цаашдаа бүх шатны сонгуулийг тус, тусад нь бие даасан хуулиар зохино байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ энэ гурван хуулийг тус бүрт нь хэлэлцэхгүйгээр нэгэн зэрэг өргөн барьж хэлэлцүүлэх шаардлагатай байгаа. Ингэх юм бол хууль хэлэлцэх процедурт ямар нэгэн алдаа гарахгүй.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хэзээ зарлах вэ?

-Өнөөдөр энэ хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тогтоол батлагдсаны дараа Сонгуулийн ерөнхий хороо тогтоолын төсөл өргөн барьж Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоолгуулна.

-Хууль санаачлагч анх төслөө өргөн барихдаа 180 гаруй заалт хүчингүй болно, цаг хугацааны хүчин зүйл нөлөөлнө гэдгийг тооцоолоогүй байсан гэсэн үг үү. 20 орчим хоног энэ төслийг хэлэлцлээ, хайран цаг хугацаа, хөдөлмөр биш үү?

Н.Цэрэнбат: Ажлын хэсэг энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор бусад хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатайг нягталсан. Гэхдээ хэдхэн заалт дээр л цаг алдсан. УИХ-ын гишүүд маань өргөн баригдсан төсөл болон хүчин төгөлдөр байгаа хуультайгаа бүрэн гүйцэд танилцахгүйгээр зарим нэг зүйл заалтыг улс төрийн өнгө аясаар тайлбарлаж, түүнийгээ туйлын үнэн гэж итгүүлэхийг оролдож хугацаа их алдсан. Тухайлбал, нэр дэвшигчид тавих шаардлага дээр гадаадад зургаан сараас дээш оршин суугаагүй гэдэг заалтыг албаар оруулж байна гэж мэдэгдэл хийсэн. Энэ бол 1993 онд УИХ-аас Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах нь гэсэн тогтоолд орсон, 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд албан ёсоор орсон заалт. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуульд ч ийм заалт бий. Гол нь 149 зарчмын зөрүүтэй санал гарснаас гадна одоо хүчин төгөлдөр байгаа хуулиас 189 санал хүчингүй болгох шаардлага үүссэн учраас татаж авахаар шийдсэн юм. Дээрээс нь МАН зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзэн шийдвэр гаргасан. Мөн Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээнийхээ дагуу сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг үүргээ биелүүлж байгаа юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж