Мэс засалчид дэлхийн хэмжээний сургалтаар мэдлэгээ дээшлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Мэс засалчид дэлхийн хэмжээний сургалтаар мэдлэгээ дээшлүүлнэ

Монголын эмч, мэргэжилтнүүдэд Дэлхийн Мэдрэлийн мэс заслын холбооноос ирэх наймдугаар сарын 4-8-ны өдрүүдэд сургалт зохион байгуулахаар боллоо. Чингис зочид буудалд болох энэ сургалтын зорилго нь Монголын мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг дэлхийн төвшинд ойртуулахын тулд эмч нарын мэдлэг мэргэжлийг системтэй дээшлүүлж, байнгын тасралтгүй сургалтад хамруулж иргэдэд баталгаатай, чанартай, эмнэлгийн төгс үйлчилгээг үзүүлж, гадаадад хийлгэх эмчилгээний урсгалыг бууруулахад оршжээ.

Олон улсын төвшинд хүрсэн энэ сургалтад хичээл заахаар Дэлхийн Мэдрэлийн мэс заслын Холбоо /ДММЗХ/-ноос 20, Япон улсаас 10 эрдэмтэн, доктор ирэх бөгөөд манай улсаас хот хөдөөгийн 150 орчим  эмч мэргэжилтнүүд  сургалтад хамрагдах юм байна.

Монголын Мэдрэлийн мэс заслын нийгэмлэг (МММЗН) нь 2007 онд Дэлхийн Мэдрэлийн Мэс заслын холбоонд (ДММЗХ) элссэнээс  хойш улс орноо төлөөлөн тус холбооны үйл ажиллагаанд  идэвхтэй оролцох болсон гэнэ. Тэдний тавьсан санал санаачлагын дагуу энэхүү нэр хүндтэй  сургалтыг зохион явуулах зөвшөөрлийг олж авч чаджээ. Сүүлийн үеийн судалгаагаар манай оронд  мэдрэлийн мэс заслын өвчлөл улам ихэссээр байгаа ба тусламж бүрэн авч чадахгүйгээс нас баралт буурахгүй байгаа аж. Дэлхий нийтэд тархи нугасанд 400 гаруй төрлийн хагалгаа хийгддэгээс манайд дөнгөж 70 орчим нэр төрлийн хагалгаа хийдэг байна.

Энэ сургалтын үр дүнд манай улсын мэдрэлийн мэс засалч эмч, мэргэжилтнүүд өөрийн орондоо, харьцангуй бага өртгөөр, дэлхийн төвшний  оношлогоо, мэс засал эмчилгээний хамгийн сүүлийн үеийн ололт амжилтуудаас суралцахын зэрэгцээ, эмчилгээ үйлчилгээнд орчин үеийн шинэ техник, технологийг нэвтрүүлэх, туршлага солилцох, харилцаа холбоо тогтоох, судалгаа шинжилгээний хамтарсан төсөл боловсруулах зэрэг өргөн хүрээтэй ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдэх юм. Сургалтад хамрагдахыг хүсч байгаа эмч мэргэжилтнүүдийг МММЗН-ийн 99089689 дугаарт холбогдож бүртгүүлж болох юм байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж