Дөнөн үхрийн эвэр тас хөлддөг хэмээн хэлэлцдэг дөрвөн ес эхэлмэгц хүйтний эрч эрс нэмэгджээ. Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 17-нд Увс, Завхан, Ховд, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн нутаг, Говь-Алтай, Өвөрхангайн өмнөд, Хөвсгөл, Дорнодын зүүн, Өмнөговийн хойд, Дундговийн баруун хэсгээр 0.0-3.0 мм цас орсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Ховдын Зэрэг суманд гурван мм, Дунд- Ус суманд хоёр мм цас орсон нь хамгийн ихэд тооцогдож байна. Үүний улмаас цасан бүрхүүл багатай байсан Ховд, Говь-Алтай, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Дундговийн баруун хэсгээр 0-3 см зузаан цасан бүрхүүлтэй болсон бол цасан бүрхүүлтэй байсан газруудаар цасан бүрхүүлийн зузаан нэг хүртэлх см-ээр нэмэгдсэн байна.
Урьд шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 4-11 градусаар хүйтэрч хоножээ. Хамгийн хүйтэн байдаг Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -37-44 хэм хүрч хүйтэрсэн байна. Хамгийн хүйтэн нь Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ -44 градус, Улаанбаатар хот орчмоор -31-39 градус хүрчээ. Өнөөдөр ч ихэнх нутгаар хүйтэн байна гэж цаг уурчид мэдээллээ.
Д.ЦЭЭНЭ