Хөтөлбөрийг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийн хяналт, тандалтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хүнсний нөхөн олговор олгох замаар орлого багатай өрхийн хүн амын хоол, тэжээлийн дутагдлыг бууруулах зорилгоор баталсан. Бас өөр нэг зорилго нь нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулах явдал байв. Энэ дагуу орлого багатай иргэд хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр худалдан авах боломжтой болсон билээ. Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди “Хүнсний талоныг 2009 оны нэгдүгээр сараас олгохоор төлөвлөсөн байсан юм. Гэвч дэмжлэг шаардлагатай иргэдийн жагсаалт гаргах, жагсаалтад багтсан иргэн бүрийн амьдралын нөхцөлийг судлан хөтөлбөрт хамруулах шаардлагатай эсэхийг төрийн бус байгууллагаар тодорхойлуулах, хүнсний талон олгох журам боловсруулах зэргийг хийхэд цаг багагүй шаардагдсанаас талоныг төлөвлөсөн хугацаанаас хоцорч олгож эхэлсэн” гэсэн юм. Ямартай ч хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2009 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2010 оны наймдугаар сарын 31-ний хооронд хөтөлбөрт хамрагдсан 25 мянга гаруй иргэн нийт нэг тэрбум 127 сая гаруй төгрөгийн хүнсний талон авчээ.
"Улс төрийн тойм" сонин