Сүү ХК-иас малчдаа дэмжих “1000 нэмнээ, 1000 халуун илч” аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

Сүү ХК-иас малчдаа дэмжих “1000 нэмнээ, 1000 халуун илч” аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Монгол орны эдийн засгийн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж байгаа бөгөөд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн томоохон байгууллагууд энэхүү аяныг дэмжин оролцож байна.

2500 гаруй малчид, сүү бэлтгэн нийлүүлэгчидтэй тогтмол хамтран ажилладаг Сүү ХК-ийн хувьд малчид бэлтгэн нийлүүлэгчиддээ туслах сайн үйлсийн аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд “Хаврыг өнтэй давъя” аянаараа малчиддаа нэмнээ, хивэг, сүүний зориулалтын бидон зэргийг бэлэглэдэг билээ. Энэ жилийн хувьд салбарын сайдын уриалгыг дэмжин, энэхүү аянаа илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар “1000 нэмнээ, 1000 халуун илч” хандивын аяныг эхлүүлж, ажилтнуудаасаа хандив цуглуулах, албан байгууллагуудад амталгаат худалдаа болон олон нийтийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулан, цугларсан хандивын мөнгөөр өвөл, хаврын цагт хамгийн хэрэгцээтэй зүйлс болох 1000 ширхэг нэмнээ, 1000 кг давс, 1000 шуудай хивэг малчиддаа бэлэглэх зорилго тавин бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа нь Макс Моол худалдааны төвд 2017 оны 1-р сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэхүү үзэсгэлэн худалдаанд мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, оёмол бүтээгдэхүүн, эсгий гар урлалын зүйлс, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр худалдаалах юм. Бамбууш ХХК, Монфүүдлэнд ХХК, Увс хүнс ХХК, Түмэн шувуут ХХК, Гацуурт ХХК, Багро, Гоо брэнд, Монос групп зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү сайн үйлсийн аяныг дэмжин оролцож байгаа бөгөөд таны худалдан авсан бүтээгдэхүүн бүрийн тодорхой хувийг газар дээр нь шууд хандивын хайрцганд төвлөрүүлж, малчдад тусламж болгон хүлээлгэн өгөх юм.

Мөн үзэсгэлэн худалдааны үеэр ясны сийрэгжилтийн хэмжилт хийгдэж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх ба сэтгэлдээ халуун илчтэй хүн бүрийг хүрэлцэн ирж, малчдаа дэмжихийг урьж байна.

Халуун илч хүн бүрийн сэтгэлд бий!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж