1100 км төмөр замын ажил хөрөнгө оруулагчаа хүлээсээр “хөших нь”

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

1100 км төмөр замын ажил хөрөнгө оруулагчаа хүлээсээр “хөших нь”

Тавантолгой, Цагаан суварга, Зүүнбаянгийн чиглэлд 400 км, Сайншандаас Баруун-урт 350 км, Баруун-уртаас Хөөт 140 км, Хөөтөөс Чойбалсангийн чиглэлд 150 км буюу нийтдээ 1100 км төмөр зам тавихаар төлөвлөсөн. Энэ ажлыг дөрвөн жилийн хугацаанд хийхийг “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компаниас зорьж байгаа билээ. Харин төмөр зам барих газар шорооны ажил нь өнөөдрийн байдлаар хараахан эхлээгүй байгааг орон нутгийнхан хэлж байна. Энэ талаар тодруулбал, “Төмөр замын трасст бага зэрэг өөрчлөлт орсон тул байгаль орчны үнэлгээ, шинжилгээний ажлыг нь хийж байна” гэсэн хариултыг Дорноговь аймгийн удирдлагын зүгээс өглөө. Ташрамд дурьдахад энэхүү төмөр замыг тавьснаар жилдээ 50 сая тонн бүтээгдэхүүн экспортод гаргаж, Европын холбоо, ОХУ, Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудад нүүрс тээвэрлэхэд эхний ээлжийн төмөр зам хангалттай болохоос гадна, төмөр замын тээвэрлэх ачааг одоогийн эргэлтээс  3.5 дахин нэмэгдүүлэх урьдчилсан тооцоо бий. Улсын хэмжээнд 5800 км урт төмөр зам барих бөгөөд эхний ээлжинд 1100  километрийг нь барих гэж буй нь энэ юм.  1100 км-ыг барихад 2-3 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай.
Энэ талаар зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны газрын дарга Б.Махбалаас тодрууллаа.
    
-Төмөр зам барих ажил үргэлжилж байгаа юу. Ямар шатандаа яваа вэ?

-Хөрөнгийн эх үүсвэр нь түвэгтэй байгаа шүү дээ. Болж өгвөл ажлаа зогсоочихгүй явуулаад байхыг хичээж байна. Ерөнхийдөө Тавантолгойн ордын хөрөнгө оруулагч шалгаруулах ажлаас энэ төмөр замын ажил шууд хамаарч байгаа юм. Гэхдээ хийх ёстой зүйлээ хийж байна. Саяхан л гэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудал тавьсан. Холбогдох Техник эдийн засгийн үндэслэл, компаниудын бэлтгэл бараг дууссан.

-Хөрөнгийн эх үүсвэрийг нь хэрхэн шийдэж ажлаа явуулж байгаа юм бэ?

– Одоогоор “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани  өөрийн боломжоор зээл авч санхүүжүүлж байна. Тиймээс аль болох зогсоочихгүй шийдэх боломжийг эрэлхийлж байгаа байх. Саяхан л гэхэд 5-6 сая ам.долларын хөрөнгийн эх үүсвэрийг шийдсэн. Гэхдээ энэ нь хангалтгүй шүү дээ.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж