Баянгол дүүргийн ИТХ-ын дэд дарга П.Цэцэгмаа,тус дүүргийн Засаг даргын орлогч Э.Батбилэг нар өнөөдөр /2017.01.18/ дүүргийн хэмжээнд цахилгаан шатны шинэчлэлийн ажилтай танилцлаа. Тус дүүргийн хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцанд 762 цахилгаан шат байдгаас 266 цахилгаан шатыг зайлшгүй шинэчлэх шаардлага гэсэн судалгаа гарчээ. Судалгааны дагуу 2013 оноос хойш УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлага, дэмжлэгтэйгээр улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр цахилгаан шат шинэчлэлийн ажлыг эрчимтэй шат дараалалтай зохион байгуулж байгаа аж. 2016 оны байдлаар 353 цахилгаан шат шинэчлэж, шинэчлэх шаардлагатай цахилгаан шатны 95 хувийг хамруулж чадсан байна.
Одоогоор шинэчлэх шаардлагатай 54 цахилгаан шат байгаа бөгөөд 31 нь хүн зөөврийн, 23 нь ачааны цахилгаан шат үлджээ. Мөн хуучны угсармал орон сууцны гадна, дотно дулаалгын ажлыг дүүргийн төсвийн хөрөнгөөр шат дараатайгаар зохион байгуулж байгаа юм байна. Баянгол дүүргийн ИТХ-ын дэд дарга П.Цэцэгмаа “Баянгол дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас иргэдийнхээ аюулгүй тухтай амьдрах нөхцөл боломжийг хангах үүднээс олон арван ажил хийж бүтээж байна. Үүний нэг нь дулаалга, цахилгаан шатны ажил юм. Манай дүүрэгт байгаа орон сууцнуудын ихэнх нь 30-40 жилийн өмнө ашиглалтад орсон учраас дулаан алдагдалтай. Тиймээс байрны гаднах пассадны дулаалгын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа юм. 2016 онд 1а байрны дулаалгын ажлыг хийсэн. Энэ байранд 45 өрх айл амьдардаг. Дулаан алдагдал ихтэй, хуучны тоосгон байр байсан. Энэхүү дулаалах ажлыг дүүргийн хөрөнгөөр буюу 80 сая төгрөгөөр хийж чадсан. Цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлж, цахилгаан шат, дулаалга, дээврийг шинэчлэх ажлыг үргэлжлүүлнэ” гэлээ.
Баянгол дүүргийн хэмжээнд орон сууцны зориулалттай 800 орчим байшин барилга байдаг. Үүнээс 639 блокийн 762 цахилгаан тоологдсон. Тиймээс засвар үйлчилгээний ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй болж, “Лифт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. 407 цахилгаан шатыг шинэчлэх шаардлагатайгаас 353 лифт бүрэн шинэчлэгдэж, 54 лифтийг шинэчлэхээр ажиллаж байгаа гэв.
Ш.ОЧ